УИХ-д суудалтай гурван нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар буюу УИХ-ын гишүүдийн тоог 126, тогтолцоог 60:40 байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн талаараа мэдээллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд нар мэдээллийг хийсэн бөгөөд гишүүдийн тоонд санал нэгдсэн ч ард түмний саналыг авах тул эцсийн тогтсон тоо гэж болохгүйг хэлсэн юм.
Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өчигдөр намын бүлэг хуралдаад, намын төлөөллүүд ярилцсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хоёр үндсэн зарчмыг барьж ажилладаг. Нэгдүгээрт, олон нийтийн санал бодлыг сонсож түүнийг тусгах асуудал байгаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллахад иргэдийн зүгээс нэгдүгээрт, холимог тогтолцоо байж болох юм гэж үзсэн. Иргэд 152 гишүүнтэй болохыг дэмжээгүй.Тиймээс бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, намын жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцөж, санал нэгдлээ.”гэв.

