Олны танил хүн бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг. Тиймээс бид сэрэмжлүүлэх зорилгоор алдартнуудын холбогдож ял авсан хэргийн талаар хүргэдэг.
Энэ удаад бид Icetop Хамтлагийн дуучин С.Чулуунбаатар буюу Кобигийн хар тамхины хэргийг тодруулан хүргэж байна. 
Коби буюу С.Чулуунбаатар Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “Ice top” хамтлагт дуучин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суудаг.
Тэрбээр өмнө нь таван удаа ял авч байсан. Тодруулбал
1. 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
3. 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биеэр эдэлсэн 01 сар 25 хоногийг хасаж эдлэх ялыг 01 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,
4. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,
5. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна.
Тэрбээр гурван удаа хар тамхины хэргээр ял авсан. Хамгийн сүүлд буюу 2018 онд хар тамхины хэргээр ял авсан байсан ч гэсэн 2022 онд мөн л хар тамхины хэрэгт холбогдсон байгаа юм. Тодруулбал, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны орчимд оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан болох нь тогтоогдсон байна.
Тэрбээр баригдах үедээ энэхүү хар тамхиа нуусан байсан нь ч цагдаа нар түүнийг нь олж тогтоосон байдаг.
Улмаар хэргийн мөрдөн байцаалтын үед Коби уг хар тамхийг хэрэглэсэн болох нь тогтоогдсон байдаг. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4812 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. С.******* /ЦД/ 2022.09.30 гэж хаягласан шээснээс метамфетамин /MET/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин /MET/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.” Гэсэн байв.
Нэгэнт буруутай нь тогтоогдсон тул Коби мөрдөн байцаалтын явцад : “…би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргалдах зүйл байхгүй. Хар тамхи мансууруулах бодисын хор уршгийг залуучуудад ойлгуулах таньж мэдүүлэх урьдчилан сэргийлэх ажилд сайн дураараа оролцоход бэлэн байна. Мөн би одоо ам бүл 7-уулаа 01-ээс 17 насны 5 хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч байгаа миний энэ байдлыг харгалзан үзнэ үү.” гэсэн утга бүхий мэдүүлэг өгч байсан удаатай.
Гэмт хэрэг хийхээрээ босоод явдаг ял авах болохоороо босоод явах боломжгүй хэвтрийн дэглэмтэй, хорих ангийн эмнэлэг үйлчилгээ үзүүлэхээр “жулдах” гээд байгаа тул Кобигийн зорчих эрхийг хасаж өгөхийг өмгөөлөгч нар нь хүссэн. Тэдний энэ хүсэлтийг итгэл үнэмшилтэй болгохын тулд Коби шүүх хуралд тэргэнцэртэй ирж, зам тээврийн осолд орсны улмаас биедээ “ зүүн сүүжний тогооны ар хананы ясны сэлтэрхий бүхий бяцарсан хугарал, зүүн түнхний үений бүрэн мултрал, зүүн өгзөгний булчингуудын няцрал урагдал, баруун мөрний зөөлөн эдийн цус хуралт, баруун сарвуу болон зүүн дунд хурууны зөөлөн эдийн зулгаралт…” зэрэг гэмтэлтэй болсон хэмээн “өрөвдөлтэй царай” гаргасан байгаа юм.
Прокуророос Кобид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүхээс Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, мансууруулах бодисын хэрэглээтэй байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Улмаар сансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Ингээд С.Чулуунбаатарыг гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноосон. Ингэснээр тэрбээр хар тамхины хэргээр дөрөв дахь удаагаа ял сонсож байгаа нь энэ юм.
Уг нь 01-17 насны таван хүүхэдтэй хүн засрахаар бол засрахаар. Энэ ял сүүлийнх байж хүүхэд залуусыг хар тамхинаас сэргийлэхийг олон нийт хүсэж байгаа биз ээ.
А.Баярмаа

