Хайрлаж мэдээлээсэй…
Манай Бурхны шашныхан хоорондоо таардаггүй хоёр бүлэгтэй. Өмнөд хөршөөс санхүүжиж, Хятадын коммунист намын гишүүн Ванчинбогд хэмээгчтэй сэм уулзаж, нам шивнэлддэг гэх Санждорж нарын нэг хэсэг бий.
Тэрхүү 11 дүгээр Ванчинбогд өөрийн туурвисан номондоо Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн маш зэвүүн өгүүлбэр юу ч болоогүй мэт шургуулчихсан л хүн дээ. Өөрсдийн үзэл бодол, сүсэг бишрэл, оюун санааны тэнцвэрийг гол болгон урагшилж, Бурхны шашныг булт олонд номлон түгээдэг бас нэг хэсэг бий. Гандантэгчилэн хийд болон Чойжамц хамба энэ талынхныг нь албан ёсоор тэргүүлдэг. Хоёр бүлэг хоорондоо зодолдож ч байсан, нанчилдаж ч үзсэн. Ил, далд их олон зөрчил байдаг, зориуд зөрчил бий болгочихоод зөрж нудралцаад явдаг улс цөөнгүй. Монголын Бурхны шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн олонтой ил, далд орон зайгаа булаацалдан, асуудал дэгдсэн сургаар арав, хорин мянгуулаа шейрлэн дэвэргэдэг бусад шашныхан бас бий. Баптист, мүүн гэхчлэн олон салаа мөчиртэй. Дэлхийн Бурхны шашны төв болох гол өрсөлдөөнд эдүгээ Монгол, Хятад хоёр улс хөл тавьсан. Эзлэгдэн хятаджсан Төвдийн дараах Буддистуудын оюун санааны төв нь Монгол байх боломжтой. Монголчууд Бурхны шашинд олон зууны турш оюун санааны болон эд баялгийн арвин их хөрөнгө оруулалт хийсэн, монгол лам хуврагуудын төвд хэлээр туурвисан анагаах ухаан, сансар огторгуй, шинжлэн судлахуйн сор бүтээлүүд олон бий. За ингээд дэлхийн Бурхны шашны төв болохоор буухиалж байсан Хятадын урдуур 10 дугаар Богд Монголд тодорсон нь нөхцөл байдлыг эргүүлж орхив. Дэлхийн хүний зүг дэлхий харах нь тодорхой. Үүнийг өмнөд хөрш хүлцэнэ гэж үү? Өндөр гэгээн Занабазарыг өндөр нас зооглоод байхад нь ч нутаг буцаалгүй Бээжинд хорьсоор дуусгасан түүхтэй шүү дээ. Хүнийг нь хорив уу, үзэл санааг нь хорьсон уу, бодоод үзээрэй. Далай лам болон Монголын Бурхны шашны талаар цаашдаа ч хүн итгэмгүй, хөгшдийн даралт ихэсмээр мэдээллүүд ар араасаа цуварна. Тэр болгонд бэлтгэлтэй байж, Гандантэгчилэн хийдийн лам нар нь ёс зүй, сахилга батаа дээшлүүлж, үүд босгоо өндөрлөж, оюун санааны өөр төвшинд ажиллаж, сурч боловсрох хэрэгтэй дээ. Бурхны шашныг амьдрах арга, орлогын эх үүсвэр мэт үзэж сонгон суралцдаг хямдхан хүмүүсээ ч цэгцлэх хэрэгтэй. Төрөл авшиг гээчийг түшин шинжиж байж ламхай нараө сонгон сургадаг болох ёстой. Бүх талаар өөр төвшинд бэлтгэгдэж байж Монгол Улс дэлхийн Бурхны шашны төв байх боломжоос атгах юм. Тэр болтол гутаан доромжлох, гундаан доройтуулах хөндлөнгийн явуулга маш олноороо гарна, үүнд ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ламхай нар нэг нэгнийгээ ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй энэ хэргийг шалган тогтоотол асуудалд болгоомжтой бөгөөд нэгдмэл байдлаа хямгадан хандаж, үнэн худлын дунд үймэхээ урьтал болгомооргүй байна аа. Үүрээ эвдүүлсэн мэт аашлах тусмаа өрөөлийн идэш, өөр санаатны олз болох биш үү. Хаалгаа эвдэж, тооноо ганхуулахыг хүлээсэн гаднын хүчин зүйл байгааг бодолцох хэрэгтэй. Хүү үнэхээр хохирсон бол хуулийн дагуу хэрэгтэн хариуцлагаа хүлээнэ, тэр болтол адаглаад л шилжилтийн насны хөвгүүдийн нэр, нүүрийг хайрлаж дуугараарай даа!
Эмүжин

