Монгол Улсын иргэн, хоёр настай хүүг БНСУ-д саатуулсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна.
Тус үйл явдал нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд гарсан бөгөөд Монгол Улсын иргэн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Цагдаагийн газарт саатуулагдаж, улмаар БНСУ-д оршин суух эрхийн хугацаа хэтрүүлсэн байсан тул 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сувоны Цагаачлалын албанд шилжүүлсэн талаар тухайн үед Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд мэдээлэл ирсэн.
Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэн болон хүүхдийн эрхийг хамгаалах талаар өмгөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэргийг гадуур шалгах зэрэг хүсэлтийг тавьж шийдвэрлүүлсэн болно.
Тухайн үед БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл нь хэт нэг талыг барьсан агуулгатай байна гэж тус улсын Хууль зүйн яамнаас албан мэдэгдэл гаргаж байсан бөгөөд тухайн мэдээлэл нь өнөөдөр Монгол Улсын нийгмийн сүлжээнд түгээд байна.
Хүүхдийн асран хамгаалалтай холбоотой иргэний хувийн асуудлуудыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.