Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлжээ.
Хэргийг сануулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны долоодугаар сард шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болж байсан юм.
