Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ганц л сургууль бий. Гэвч сургуулийн ачаалал хэвийн хэмжээнээс давж хоёр ээлжээр хичээллэж байгаа. Цаашид ч ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа болохоор тус сумын сургуулийн хашаанд 240 хүүхдийн бага сургууль баригдаж байгаа. Өнгөрсөн жил эхэлж, ирэх жил ашиглалтад орох ёстой энэ барилгын ажил өнөөдрийн байдлаар зогссон байдалтай байна. Ганц өнөөдөр ч биш долдугаар сараас хойш буюу ид барилга барих цагаар зогссон аж.

Тус барилгыг барьж байгаа “Эко энержи ресурс” ХХК-ийн ажилчдын хэлж байгаагаар санхүүжилтээ л хүлээж байгаа. Энэ жил 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт л олгосноос өөрөөр мөнгө өгөөгүй гэдгийг хэлж байлаа. Хэрвээ өнөөдөр санхүүжилт нь орвол барилга барих хүн хүч, техник бэлэн байгаа гэдгийг онцлон хэлж байв.
Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас уг барилгын ажлыг санхүүжүүлэх юм. Санхүүжилт зогссон тул бид уг асуудлыг шийдэх боломжтой эрх бүхий албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг дарга Т.Эрдэнэбаттай уулзсан юм.

Түүний хэлж байгаагаар “Уг нь мөнгө хайж байгаа. Гэхдээ болохгүй байна. ” гэсэн агуулга бүхий зүйл ярьж байна.
Нэгэнт төсөв мөнгийг нь гаргахаар болж, зургийг нь гаргаад, суурийг нь цутгасан байхад өнөөдөр ийнхүү барилгын ажил зогссон байгаа нь Т.Эрдэнэбат үүрэгт ажлаа хариуцаад олигтой хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Уг нь энэ хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ч.Ундрамын Хүдэр суман дахь бие төлөөлөгч ажээ.
Гэтэл сургуулийн барилгын төсвийн санхүүжилт зогссоноос болж барилгын арматур төмөр зэвэрсэн байна.

Зэвэрсэн арматур төмөртэй байхад цутгалт хийснээс барьцалдахгүй улмаар нурах эрсдэл үүсдэг байна. Энэ нь олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд учруулж байгаа хэрэг бөгөөд үүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.
А.Баярмаа

