Дуучин А.Хишигдалай нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татсан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнөө цагт “influencer” гэх нэршилд хэтэрхий өнгө үзэмж, гадаад төрх давамгайлж буйг онцолж, жинхэнэ нөлөө гэдэг нь хүний үйлдэл, ёс зүй, зөв хандлагаас эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, А.Хишигдалай “Influencer”-үүд гаднах өнгө үзэмжээр бус, хийж буй үйлдлээрээ, зөв явах чанараараа бусдад үлгэр дуурайл үзүүлж, эерэгээр нөлөөлөх хэрэгтэй хэмээн онцолсон нь олон хүний анхаарлыг татлаа. Түүний энэхүү үг нь цахим орчинд дагагчдын тоо, гоо үзэмж, тансаг амьдрал харуулах байдлаар бусдад нөлөөлөх хандлага ихэссэн өнөө үед чухал сануулга болж байна.
Мөн тэрбээр олон нийтийн танил хүмүүс, ялангуяа залуусын үлгэр дуурайл болдог уран бүтээлчид, контент бүтээгчид өөрсдийн хэлж буй үг, хийж буй үйлдэл бүртээ хариуцлагатай хандах ёстойг дурдсан юм. Учир нь тэдний нэг пост, нэг бичлэг, нэг үйлдэл хүртэл олон мянган хүнд нөлөөлж, зөв буруугийн заагт чиглүүлж чаддаг гэдгийг онцолсон байна.
А.Хишигдалай цааш нь жинхэнэ нөлөө гэдэг нь түр зуурын анхаарал татах бус, урт хугацаанд хүний сэтгэлгээ, амьдралын хандлагад эерэг өөрчлөлт авчрах чадвар гэдгийг хэлж, залууст зөв үнэт зүйлсийг түгээх нь хамгийн чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

