Элэгний B, C вирусын эмийн жор бичих эрх бүхий эмч хэмээх эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хагас тэрбум төгрөгийн луйвартай нэр холбогдоод байгаа нууц ноёнтон нь Ж.Амарсанаа гэдгийг мэдэх хүртлээ залуу үеийнхэн улс төр болон, уруудаж гундсан эх орноо өөрчилнө гэдэгт ямар их итгэж явав аа. Гэтэл Эрүүл мэндийн сайд болгоныг Удвал, Сарангэрэл, за бүр бурхан, дээр нь чөтгөр байсан ч боорлож байдаг энэ залуугийн хувийн эрх ашиг өнөөх л өнгө мөнгөөр хэмжигдэж буйг хараад ичих булчирхай өвчилчихлөө байна. Сүүлийн 10 сарын хугацаанд Ж.Амарсанаа хувийнхаа “Хаппи вератис” компанийн харъяа “Хаппи вератис” лабораторийн элэгний B,C вирусийн эмийн жор бичих эрх бүхий эмчээр ажиллах явцдаа элэгний вирусийн идэвхжилгүй гарсан буюу огт өвчлөөгүй 1116 хүн, эмчилгээнд хамрагдаагүй 2988, нийт 4104 хүний тусламж үйлчилгээний зардал болох 492 сая 480 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байх юм. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг түшиглэн хувийн лабораторио өндийлгөсөн түүнд олсон нь багадаад, завшсан нь цөөдөөд байна уу? Эдүгээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, АН-ын үндэсний бодлогын зөвлөлийн гишүүн гэсэн тодотголтой явдаг энэ залуугийн улс төрд шургалж байгаа өнцөг нь өөрөө их муухай. Ядарсан ард түмнийхээ өвчин зовлонд дөрөөлөн мөнгө олоод зогсохгүй улс төрийн карьераа өсгөх арга хэрэгсэл болгож байгаа нь эмч байтугай эгэл хүнд байж болшгүй ёс суртахууны уналт гэхээс өөр хэлэх үг алга. Анх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дээр багаараа ажиллах явцдаа ганц өөрийн ажил мэт сондгойрон ярьж, олонд танигдах алхмаа хийсэн Ж.Амарсанаа элэгний “Harvoni” эмийг 900 ам.доллараар оруулж ирэхээр Н.Удвал сайд гэрээ хэлцэл хийж байх үед 1800 доллар хэмээн зүтгэж, бүтэн нугалсан ашиг харж байсан гэх яриа ч байдаг. Магадгүй түүний хувийн лабораторитой холбоотой эрх ашиг байсан биз. Гэвч үйл явдал үүгээр дууссангүй. Уг нь 2012 онд нийслэлийн 15-р сургуульд одоо яригдаж буй сүрьеэгийн халдвар анх илэрчээ. Гэтэл энэ талаар ил тод мэдээлсэн ММ агентлагтай уг сургуулийн удирдлагууд шүүхдсэнээр энэ асуудлыг зориглож сөхдөг сайд үгүй болсон байдаг. Бүгд л арьсаа хамгаалсан хэрэг. Харин Д.Сарангэрэл энэ сургуульд ужиг удаан нүүрлэсэн сүрьеэгийн голомтыг илрүүлж, шаардлагатай эмчилгээг эхлүүлэхийг үүрэг болгосноор олны анхаарлын төвд авчраад зогсохгүй, эрсдэлд байсан хүүхдүүд эрүүл болох эхлэл тавигдав. Тэгсэн нөгөөх л элэгний вирус гэхээр эргэлдээд ороод ирдэг Амарсанаа маань чанга яригч бариал чарлаад босоод ирдэг юм байна. Дэд сайд байхдаа ХӨСҮТ дээр сүрьеэгийн эмч нарын зөвлөлийн хуралд ирчихээд “Элэгний В,С вирусын дэргэд наад сүрьеэ чинь юу юм” гээд хаалга савж байсныг нь олон сэтгүүлч мэднэ. Эрүүл мэндийн яамны сүрьеэ өвчний мэргэжлийн зөвлөл, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд мэргэжлийн багийнхан тэгээд буруу ажиллаад, 15-р сургуулийг бужигнуулаад байгаа хэрэг үү? Мэргэжлийн бус сайд л гэнэ, харин наад Сарангэрэл чинь гал руу гараа дүрж явдаг сэтгүүлчийн сэтгэлээр олон жил нуусан сүрьеэгийн голомтыг устгах гэж тэмцэж, муу нэр зүүж явна. Энүүхэндээ гэхэд хуулийн талаасаа Ерөнхийлөгчийн зөвлөх улс төрийн арга хэмжээнд оролцох эрхгүй. Энэ утгаараа Ж.Амарсанаа том театрын том үзэгдэлд утсан хүүхэлдэй нь болж харагдаж байна. Эсвэл Ерөнхийлөгчийн нэр нөлөөг ашиглан хувийн ашиг сонирхлоо амжуулж явна. Үнэндээ бол Амарсанаа биш, Баттулга л ард нь харагдаж байгаа нь нууц биш. За энэ ч яахав, шалихгүй залуусын том хүн бараадаж улс төрд шургалдаг ялихгүй арга. Хамгийн гол нь эмч хүн, залуу хүн байтлаа эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаа үгүйсгэж, өрөөлийн өвчин зовлонг өөрийнхөө өөдлөх арга зам болгоод байгаа нь дэндүү увайгүй үйлдэл юм даа. Цаашдаа улс төрд орж улс орноо хөгжүүлэх эрмэлзэлтэй залуу үеийнхэнд итгэх олон нийтийн итгэлийг ингэж талхалж, сөхрүүлж болохгүй л юмсан.
Р.Эмүжин