АНХБАЯРЫН НОМИН-ЭРДЭНЭ ОХИНД ТУСАЛЦГААЯ
Б.Базаррагчаа найман жилийн дараа хэвлийдээ бяцхан зүрх цохилохыг мэдээд маш их баярлажээ. Г.Анхбаяр, Б.Базаррагчаа нар сар бүр эмчид үзүүлж, эход харуулж, хянуулдаг байжээ. Дөрвөн сартай байхад нь зүрхний эмгэгтэй байж болзошгүй гэсэн боловч ээж, аавын итгэл найдварын хүчинд хүүхэд хэвийн томорсоор долоон сартайд эцсийн оношийг тогтоолгов. Тэдний итгэлийн гэрлийг бөхөөх мэт зүрхний гурвалсан гажиг буюу зүрх цоорхой, зүрх, уушгины титэм судас солигдсон, уушигны судас нарийн гэж оношлогджээ. Тэд бууж өгсөнгүй, хүүхдээ тээж төрүүлсэн. Охин хэвлийдээ хэвийн бойжиж хорвоод мэндэлсэн ч эмч нар амьдарч чадахгүй, 24 цагийн дотор зүрх нь хаагдана гээд охиныг эхийнх нь сүүг амлуулаагүй авч явжээ.
Охины ээж охиноо харъя гэж гуйсаар 48 цагийн дараа анх халуун элгэндээ тэвэрч, ангир уургаа амлуулсан аж. Цовоо сэргэлэн нүдтэй, эрүүл чийрэг харагдсан үрээ хэн ч орхихыг хүсэхгүй шүү дээ. Хүний хорвоод хүн болох гэж ирсэн жаахан амьтныг манцуйлаад өргөө гэртээ бойтогны хонх нэмэв.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд амьдардаг залуухан гэр бүл ханилан суугаад арав гаруй жил болсон бөгөөд өдгөө 10 настай хүү, есөн настай охин, гурван сартай А.Номин-Эрдэнэ гэсэн гурван сайхан үртэй болжээ. Бага охин А.Номин-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр ЭНЭШТ-д ээж, аавдаа энэрэл хайр, баяр баяслыг авчран мэндэлсэн юм. Эмч нарын оношийг баталж, бага охин А.Номин-Эрдэнэ жаахан л уйлагнах төдийд зүрхэнд нь ачаалал өгч, нүүр нь хөхөрч, хамаг бие нь таталт өгч, зүрхний эргэлт зогсож, гар хөл нь хүйт дааж, тэднийг өдөр шөнийн алинд нь ч сандаргадаг ажээ. Тэр бүрийд эм тарианы мөнгөнөөс эхлээд сэтгэл санааны хүнд хямрал, зовиур шаналалтай явдаг болж, хаана хэнд хандахаа ч мэдэхгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдах үе олон ирэв.
Аав нь өөрийн дүүрэгтээ байр түрээслэн, гар утасны засвар ажиллуулж, өдрийнхөө хоол ундны мөнгийг болгодог бол ээж нь нялх үрээ тэврээд юу хийх билээ. Өрхийн өөр орлогогүй учир тэд хашаа, байшингаа барьцаалж зээл аваад, Хөх хот руу явж охиныхоо оношийг баталгаажуулаад иржээ.
Төрөлхийн зүрхний гурвалсан гажиг буюу зүрх цоорхой, зүрх, уушгины титэм судас солигдсон, уушигны судас нарийн гэсэн оноштой А.Номин-Эрдэнэ охиныг Монгол Улсад эмчлэх боломжгүй тул Энэтхэг болон Хөх хотод хагалгаа хийлгэх боломжтой гэжээ.
Угийн сэргэлэн, амьдралд ирье гэж ирсэн бяцхан охиноо хэзээ сандаргах бол гэсэн мөнхийн айдас түгшүүртэй яваа залуу гэр бүлд БНХАУ-ын Хөх хотод нарийн шинжилгээнүүдээ өгч, эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн боловч хагалгааны зардал 120 сая төгрөг дээр арга мухардаж, ард түмэндээ хандаж байна. Та бүхэн өхөөрдөм жаахан охинд амьдрал хайрлаарай. Буян буцаж ирэхдээ шивэрч биш аадар мэт асгарч ирдэг билээ. А.Номин-Эрдэнэ охиныг аав ээж, ах эгчтэйгээ хамт элэг бүтэн амьдрахад нь тусалж, энэрэлийн гараа сунган, эмчилгээнд зориулах 120 сая төгрөгт сэтгэлийн өргөл өргөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.
Ээж Б.Базаррагчаа. Хаан банк 5675307154
Аав Г.Анхбаяр. Хаан банк 5019131288.
Холбогдох утас: Аав А.Анхбаяр – 86498989, ээж Б.Базаррагчаа – 89200117/