Америк гэр бүлүүдэд үрчлэгдсэн таван хүүхэд аав, ээжийнхээ хамтаар Монголд иржээ.
Гадаадын иргэн харьяатын газрынхан өчигдөр тэднийг хүлээн авч уулзсан юм. Тус байгууллага журмын дагуу Монгол Улсын харьяат хүүхдийг гадаад иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулдаг.
Хүүхдүүдийн хувьд арав гаруй жилийн дараа Монгол Улсад ирж байгаа юм байна.
Монгол Улс хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон байдаг. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 269 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаадын гэр бүлд үрчлүүлжээ.
Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 156, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.
Ийнхүү хүүхдүүдийнхээ хамт Монгол Улсад ирсэн Америк эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлээс хүргэе.
ХҮҮХДҮҮД МААНЬ БҮГД ӨӨРСДИЙН ГЭСЭН САЙХАН ЧАНАРУУДТАЙ ТӨДИЙГҮЙ МАШ УХААЛАГ
Миллер Мэтью “Манай гэр бүл анх хүүхэд үрчилж авахдаа олон газрыг судалсан. Улс хооронд хүүхэд үрчлэх эрхтэй байгууллагаар дамжуулан олон орныг танилцуулсны дотор Монгол орон маш их таалагдсан. Тэгээд 2005 онд том хүү болох Огест Төгсбаярыгаа үрчилж авсан. Тухайн үед хүүхдийн сувиллын ажилчид хүн хүч багатай байсан ч хүүг маань болон бусад хүүхдүүдийг сайн асарч байгаа нь их таалагдсан. Хүү маань нэр шигээ бидний амьдралд төгс төгөлдөр баяр баяслыг бэлэглэсэн.
Тиймээс бид дахин монгол хүүхэд үрчилж авахаар шийдсэн юм. Миний хувьд гэртээ бүтэн цагаар байж, хүүхдүүдээ сайн хүн болоход анхаардаг. Нөхөр маань Америкийн тос боловсруулах үйлдвэрт менежер хийдэг. Охин Сарнай маань 2009 онд, бага хүү Тамир маань 2012 онд ирсэн. Хүүхдүүд маань бүгд өөрсдийн гэсэн сайхан чанаруудтай төдийгүй маш ухаалаг. Монголд удаан хугацааны дараа дахиад ирж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн ярилаа.
Харин хүүхдүүд ямар мэргэжилтэй болох талаараа товч ярилаа.
Огест Төгсбаяр: Би маркетинг бизнест их дуртай. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн салбар сонирхолтой санагдсан.
Элизабет Сарнай: Би гурван настайгаасаа гэмтлийн эмч болохыг хүссэн. Тэгээд энэ чиглэлээрээ клубт явдаг.
Албин Тамир: Би алх цохидог хүн буюу шүүгч болно. Би нум сумаар хичээллэдэг. Монголд ирээд сум харвасан чинь их гоё байсан. Ах эгчдээ бас зааж өгсөн.
Жак Даваабаяр: Миний хувьд хуульч мэргэжилтэй болно гэж бодож байгаа. Харин сонирхдог зүйл маань усан сэлэлт бөгөөд тасралтгүй хичээллэж байна. Муж улсуудын рекордуудыг хэд хэдэн удаа эвдсэн. Цаашдаа олимпийн тамирчин болохын төлөө явж байгаа. Монголын хээр тал их сайхан санагдсан. Мөн тансаг машинууд, орон сууцнууд их байна.
Чарли Баяр: Монголд ирсэн гоё байна. Би том болоод далай тэнгисийг судалдаг хүн болно. Яагаад гэвэл надад далайн амьтад их сонирхолтой санагддаг.
Монголын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлаар ГИХГ-ын хүүхэд үрчлэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Номин ” Үрчлэлийн дараах хяналтыг манай байгууллага тавьдаг. Өөрөөр хэлбэл, зуучлагч тал, эцэг эхийн тал, манай байгууллагаас гурван талт гэрээ байгуулдаг. Ингэхдээ тухайн хүүхдийг 18 нас хүртэл нь сурлага, хүмүүжил, биеийн өсөлт бойжилт, эрүүл мэнд, тухайн улстай дасан зохицох байдал зэргийг нь нас насанд нь бичгээр болон видео хэлбэрээр авдаг.
Гаагийн конвенц болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцод итгэмжлэгдсэн байгууллага буюу зуучлагч байгууллагаар дамжуулан гадаад үрчлэлийг хийж болохыг зохицуулсан бөгөөд 269 хүүхдээс 171 нь улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн” хэмээв.