Нийслэл дэх төрийн адуитын газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад Шилэн дансны хэрэгжилт ямар байгаа талаар аудитын шалгалт хийсэн байна.
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5, 6.4.8 дахь заалтад тусгагдсан 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, цалингийн зардлаас бусад орлого, зарлагын гүйлгээ болон төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэрийн нийт 1,683,777.4 сая төгрөгийн дүнг мэдээлэхээс 1,615,704.5 сая төгрөг буюу 96.0%-ийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлжээ.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэх зарим мэдээлэлд ямар төрлийн мэдээллийг хамруулах, хууль журмыг хэрэгжүүлэх нарийвчилсан заавар, аргачлал, тайлбар хангалтгүй, нэгдсэн ойлголт өгөхөд чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулаагүй, мэдээлэл оруулж байгаа ажилтнуудын хуулийн мэдлэг харилцан адилгүй, нээлттэй тавьсан мэдээллийг улс төржүүлдэг гэсэн шалтгаанаар зарим байгууллагын удирдлагууд ил тод мэдээлэх сонирхол бага байгаа нь аудитын явцад ажиглагдаж байлаа. Тухайлбал:
– Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын гүйлгээнд тухайн байгууллагын урсгал санхүүжилт, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал буюу даатгуулагчаас төлөх шимтгэлийг мэдээлэх эсэх талаар нягтлан бодогчид харилцан адилгүй ойлголттой, зарим нь мэдээлсэн, зарим нь мэдээлдэггүй;
– 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын зарим гүйлгээг 5.0 сая төгрөгөөс дээш худалдан авалтын болон төсөв, өмч хөрөнгө зарцуулахтай холбоотой шийдвэр хэсэгт мөн мэдээлэхээр байхад мэдээлэхгүй орхигдуулах;
– Төсөв, өмч, хөрөнгө мөнгө зарцуулахтай холбоотой шийдвэрийг мэдээлэх хэсэгт хувь хүнд олгосон буцалтгүй тусламж, тэтгэмж, орон сууцны хөнгөлөлт, шагнал, урамшуулал, нэмэгдэл хөлс зэрэгтэй холбоотой шийдвэрийг мэдээлэх эсэх, эсвэл хувь хүний нууцад хамааруулж үзэн нууцлах, жишээлбэл томоохон үнийн дүн бүхий нэг удаагийн тусламж, шагнал, байрны хөнгөлөлт үзүүлэх тохиолдолд олон нийтэд уг мэдээлэлтэй танилцах боломжтой байх уу хувь хүний нууцад хамааруулан нууцлах уу зэрэг асуудлаар нэгдсэн ойлголт, аргачлал тайлбар байхгүйгээс хэрэгжүүлсэн байдал харилцан адилгүй байжээ.
Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад хамаарах, аудитын түүвэрт хамрагдсан 241 байгууллагаас 236 байгууллага буюу 97.9% нь шилэн дансны мэдээлэл байршуулах мэдээллийн самбартай бөгөөд хуулийн 5 дугаар зүйлийн 5.81 дахь заалтын дагуу гарын үсгээр баталгаажсан мэдээллүүдийг самбартаа байршуулан мэдээлжээ.
Харин Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨТҮГ, ХУД-ийн ИТХ, ЧД-ийн Худалдан авах ажиллагааны алба, СБД-ын “Багахандгайт” ОНӨААТҮГ гэсэн 5 байгууллага нь шилэн дансны мэдээллээ мэдээллийн самбараар мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийн 5 дугаар зүйлийн 5.72 дахь заалтыг зөрчжээ.
Энэ нь шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хандалт хийх боломжгүй иргэдийн тухайн байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцах, хяналт тавих боломжийг хязгаарлажээ.
Байгууллага бүрийн мэдээллийн самбарт шилэн дансны мэдээлэл байршуулах талбайн хэмжээ харилцан адилгүй, нийтлэг байдлаар мэдээлж байгаа мэдээлэл нь голдуу сарын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зэрэг байгаа бөгөөд худалдан авалтын төлөвлөгөө, тендерийн талаарх мэдээлэл, 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээг мэдээлсэн байгууллага харьцангуй бага байгаа тул заавар журамд нарийвчлан тусгах шаардлагатай байна.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хамрагдсан байдал нийслэл, дүүрэгт харилцан адилгүй, ХУД 31.3%, БГД 12.5%, НД, БНД 11.1%-тай байгаа бол СБД, СХД-ийн ААНБ-аас нэг ч байгууллага хамрагдаагүй байна.
Түүнчлэн дээр дурдсан 570 ААНБ нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний 2018 оны санхүүжилтийн талаар улирал тутам мэдээлэх нийт 133,392.2 сая төгрөгийн 2361 мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулахаас ХУД-ээс 73.1 сая төгрөгийн санхүүжилт авсан 1 ААНБ-аас бусад бүх ААНБ мэдээллээ огт байршуулаагүй, мэдээлээгүй байв.
Нийслэл, дүүргийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад хамаарах гүйцэтгэгч ААН, байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хамрагдалт, мэдээлэл байршуулсан байдал маш хангалтгүй байгаа тул санхүүжилт олгогч байгууллагуудын зүгээс хяналт тавих, хөрөнгө оруулалтын ажлын гэрээнд хуулиар хүлээсэн дээрх чиг үүргийг тусгайлан тусгаж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай.
Өмнөх онд хийсэн аудитаар мөн эдгээр ААНБ-ын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаа зөрчил илэрч хэрэгжилтийг хангуулах арга зам, хариуцах байгууллага, хүлээлгэх хариуцлагын тогтолцоог хууль, журамд тодорхой тусгуулах арга хэмжээ авахыг зөвлөмж болгосон ч хэрэгжүүлээгүйгээс ахиц дэвшил гараагүй, хуулийн холбогдох заалт хэрэгждэггүй, хяналт хангалтгүй хэвээр байна.