Казах залуу өөрийн цахим хуудсааараа дамжуулан ийнхүү өгүүлжээ…
Интернет орчинд Казахуудыг доромжилсон олон сэтгэгдэлүүд явдаг л даа. Гэхдээ тэр болгоныг нь хувь хүмүүс рүү чиглэсэн байх гэж бодоод авч хэлцэлгүй өнгөрдөг байсан. Харин энэ удаагийн Батзандан гишүүний үгнээс улбаатай асуудалд “хошуу дүрэхээр” шийдэв.
Батзандан гэдэг хүн Баян-Өлгийд очоод харц ардыг яаж дэвэргэх аргаа олж ядсандаа тэр биз. Ямар сайндаа дараа нь хэлсэн үгээ засаж “Би ямар гадаад хэргийн сайд биш!” гэж балайрч байхав дээ. Гадаад хэргийн сайд биш байхаараа л хоёр нүүртэй байж болдог хэрэг үү?
Тэр ч яахав, би огт өөр зүйлийг хэлмээр байна л даа. Би түүх унших маш их дуртай. Тэр дотроо төв Азийн нүүдэлчдийн түүхийг бүр илүү сонирхдог. Гэхдээ түүх гэдэг зүйлийг сургамж авах гэж судалдаг болохоос жалга дов болж хуваагдаж хэрэлдэх гэж судалддаггүй. Ер нь аливаа зүйлд обьектив хандах нь чухал!
Оспаны цэргүүд дээрэмчид байгаагүй гэж би өмөөрөхгүй. Байсан! Байхдаа бүр дэндүү харгис дээрэмчид байсан. Ховдын хязгаарт жирийн малчин айлын хүмүүсийг хүйс тэмтэрснийг, жирмэсэн Захчин бүсгүйн гэдсийг зад цавчсаныг би мэдэхгүй биш мэднэ. Энэ тухай “Оспаны дээрэмчдийн тулгаралтанд орсон он жилүүд” гээд бүтэн ном хүртэл уншиж байлаа. Гэхдээ тэр үед БНМАУ-ын талд олон Монголын Казах иргэд зүтгэж явсаныг мартаж болохгүй. Ер нь Дорнод Туркестаны эрх чөлөөний армийн зарим цэргүүд баруун Монголын энгийн ардад хохирол учруулсан нь яах аргагүй түүхэн үнэн! Баруун Монгол ах дүүсийн сэтгэлд одоо хүртэлх тэр шарх эдгэрээгүй ч би ойлгож байна.
Гэхдээ, Казах түмний сэтгэлд ч гэсэн түүхэн “хар толбо” бий. Юу гээч 1723-1725 оны хооронд хүн амынх нь 1/3 хэсгийг хядсан их дайралтыг Ойрдууд Казахын ханлиг руу хийсэн байдаг. Тухайн үед Казахын хилийн дөрвөн талаас дөрвөн өөр улс (Орос, Хохан, Хиуа, Иран) шахалт үзүүлж, яг тэр үед нь Галданцэрэн хааны цэргүүд Сарыаркагийн талыг хөндлөн туулан их хядлага үйлдсэн байдаг. Ер нь хоёр улс (Ойрад болон Казахын ханлиг) хоорондоо 150 жил дайтсан ч алин ч ялаагүй. Нэг нь Манжийн эрхшээлд, нэг нь Оросын колонд орж дууссан. (!)
Хожим хойно 1915 онд Богд хааны зарлигаар Олноо Өргөгдсөн Монгол улсын зүй ёсны иргэн болсон Казахуудыг хядсан Дамбийжанцаны (Да лам) үйл явдалыг ч нэрлэж болно. Уг нь Казахууд цэрэгт элсэж Манжийн дарлалыг унагаах үйлст зүтгэж явсан юм шүү дээ! Тухайн үед Да лам энгийн малчин Казах залуугийн арьсыг амьдаар нь өвчиж авсан нь одоо ч Чех улсын нийслэл Прагагийн музейд хадгалаастай байна! Ингээд нэрлээд л байвал хоёр талаас зөндөө эсрэг аргументууд гарч ирнэ…
Гэхдээ би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр?
1. Одоо бидэнд үзэн ядалт биш эв нэгдэл л чухал. Эв нэгдэл байгаагүйгээс л цагтаа дэлхийг досолгож явсан нүүдэлчдийн (түрэг, монгол) эзэнт гүрнүүд мөхсөн юм. Өмнөх зуунуудад нэгнийхээ мөнхийн дайсан байсан Герман, Франц зэрэг Европын орнууд одоо яаж байна? Эв нэгдэл чухал гэдгийг ойлгоод хүчээ нэгтгээд Холбоо болоод улам л хөгжих замдаа явна. Үүнийг л түүхэн сургамж гэнэ. Ер нь нүүдэлчин угсаатай улсууд бас интеграцийн нэгдмэл бодлого явуулбал төв Ази дахь Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн гоеполитикийн нөлөө сулрах байх гэж боддог.
2. Монгол ахан дүүс интернетээр Казахуудын хэл соёл, шашины ялгааг хэт шүүмжилэх нь буруу юм. Зан заншилаа хадгалж үлдсэн Казахуудад буруу байхгүй. Харин Монгол дахь Казах иргэд Монголчуудад баярлах хэрэгтэй. Би хувьдаа Казахын соёлыг дэлхийд Казахстан биш Монголын Казахууд илүү таниулж байгаа нь Монголчуудын л ач гэж боддог. Монгол байгаагүй бол дэлхийн сүүлчийн жинхэнэ нүүдэлчин Казахууд байхгүй байх байсан юм.
3. Монголын иргэд (монгол, казах аль нь ч бай) асуудалд жалга довны үзлээр хандахаа болих хэрэгтэй. Бусад орнууд шинэ технологи нээж, сансарт нисэж хөгжиж байхад Монголд байгаа ахан дүүс минь нэг улс төрийн “сармагчины” үгнээс болоод хоёр талд хэрэлдэж суугааг харах харамсалтай байна.
* Ер нь би өөрийгөө Монголчуудыг үзэн ядах эрхгүй хүн гэж боддог. Яагаад гэвэл би Монголд төрсөн, Монголд сурсан, аялгуу сайхан монгол хэлээрээ Чойномын шүлгүүдийг шимтэн уншиж өссөн, Монголын цонхоор л дэлхийг анх харсан болхоор тэр. Гэхдээ би одоо Казахстанд амьдардаг, энэ миний ч сонголт байгаагүй гэдгийг монгол найзууд минь мэддэг. Би зүгээр л өвөг дээдсийн минь захиасыг билүүлсэн юм… Гэхдээ тэглээ гээд би Монголоо мартдаггүй. Би төрсөн нутгаа, Ховд хотоо, найзуудаа маш их санадаг! Хаа явсан газраа Монголчуудын тухай сайн сэтгэгдэл үлдээх гэд хичээж явдаг…
Казахстанд олон хүн надаас “Монгол Казахстан хоёрын алинд нь илүү хайртай вэ?” гэж асуудаг л даа. Би тэдэнд “Чи аав ээжийнхээ алинд нь илүү хайртай вэ?” гэж урвуу асуулт тавьдаг. Тэд хариулж чаддаггүй. Яагаад гэвэл хүн ээж аавынхаа аль алинд ч гэсэн адилхан хайртай байдаг шүү дээ… Миний хувьд энэ үүнтэй яг адилхан зүйл!
#эвэеийгэрхэмлье
#монголулсмандтугай
Д.Сымбатбек
2 сэтгэгдэл
Сэтгэлд нийцсэн нийтлэл бичсэн байна. Ж. Батзандан түүхээ мэдэхгүй байж улстөрд ашиглахыг оролдов.
Маш зөв шүү. Ер нь манайхан хятадын аюул их гэж хашгирах болсон. Монголын тусгаар тогтнолын чухал баталгаа бол хятадын өвөр монголчууд, оросын буриад халимаг тувачууд, казахстаны монголд элэгтэй хасагууд шүүдээ. Хоёр хөрш том ч гэсэн эд нарыг тайван байлгаж байж улс нь задрах аюулгүй байдаг.