Салбарын сайд нь Ж.Ганбаатар гишүүний шахалтаар гавьяат багшийг халав уу
“Чоно борооноор” гэгчээр коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх гээд дээр доргүй чамбай ажиллаж байхад МАН-ын зарим гишүүн сонгуулийн ажлаа эхлүүлж, бусдын албан тушаалыг нь булааж авч байна.
Тэдний нэг нь БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэгийн гарын үсэг бүхий дээрх тушаал. Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын сургуулийн захирал З.Байгалмааг энэ сарын 3-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлөх тушаалд Ё.Баатарбилэг сайд гарын үсэг зуржээ.
Энэ нь анхны удаа ч биш. Өмнө нь буюу 2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр, хоёр хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Ё.Баатарбилэг сайд мөн л З.Байягалмаа захирлын ажлыг сольж, 28 дугаар сургуулийн захирал болгох гэж байжээ. Бүхэл бүтэн болосролын салбарын сайд хүн хичээлийн жил эхлэхээс хоёрхон хоногийн өмнө сургуулийн захирлыг солих тушаал гаргаж байна гэдэг нь мань хүнийг ямархан дадлага, туршлагатай сайд вэ гэдгийг л харуулж буй явдал.
Мөн түүнээс өмнө БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг ажиллаж байх үед ч З.Байгалмаа захирлын ажлыг авах гэж байжээ. Гэвч ажил хүлээлцэх комиссынхон сургуулийн багш, албан хаагчидтай хэлэлцүүлэг өрнүүлж, захирлаа солихгүй, халуулахгүй гэдэг байр суурийг нь мэдмэгц, эрхэм сайд дээрх асуудлаа мөн л татаж байжээ. Үндсэндээ БСШУС-ын салбарыг тэргүүлж буй сүүлийн хоёр сайд З.Байгалмаа захирлаас ийн “салахын түүс” болоод байх болсон байна.
З.Байгалмаа захирлыг халж, түүний оронд 130 дугаар сургуулийн захирлаар ажиллаж буй Ц.Баярбаатарыг томилохоор АТГ-т ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг нь тодруулахаар албан бичгээ илгээгээд байгаа аж. Ц.Баярбаатар нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, хотын дарга С.Амарсайхан нартай нэг “дов”-ны буюу Налайхын харьяат нэгэн юм билээ. Товчхондоо “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын сонгогдсон тойрогт байрладаг бөгөөд мань хүн “З.Байгалмаа захирал С.Эрдэнийн хүн учраас зайлуулах” ёстой хэмээн намынхантайгаа ярьдаг гэх шивнээ ч чих дэлсэх нь бий. Гэтэл үүнийг баталж буй мэт Улсын онцгой комиссоос хүртэл хөл хорионы дэглэм тогтоочихсон, хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоочихсон байхад З.Байгалмаа захирлыг ажлаас нь халах тушаал гаргуулжээ. Дээр дурдсанчлан сүүлийн хоёр жилийн хугацаанд З.Байгалмаа захирлыг салбарын сайд нар нь халах тушаал гаргасан ч яамны ажилтнууд нь ихэд дургүйцэж, сайн захирлаа чөлөөлмөөргүй байгаа ч цаанаас шахаад байна гэдэг болжээ.
Хэрвээ тэр үнэхээр муу ажиллаад байгаа бол багш нар нь захирлаа солихыг хүсэхгүй байна хэмээн салбарын яамныхаа өмнө очиж жагсаал, цуглаан хийхгүй нь тодорхой. Тэгээд ч ажил хөдөлмөрийг нь үнэлсэн Монгол Улсын төр З.Байгалмаа захирлыг 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнасан байдаг.
Тэр байтугай З.Байгалмаа захирал боловсролын салбарт 36 жил ажилласан. Найман сарын дараа өндөр насны тэтгэвэртээ гарах ахмад багш. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирлаар сүүлийн 15 жил ажиллаж байгаа хүн. Тодруулбал, дүүрэг, яам, төрд аль ч намынхан “ноёрхож” байсан З.Байгалмаа захирал ажлаа хийсээр л ирсэн. Учир нь түүнд улстөрийн сонирхол бус эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хайртай учраас сурагчид, сургуулийнхаа үйл ажиллагаанд л анхаарлаа хандуулдаг. Тиймээс ч шилдэг захирал, шилдэг сургуулийг “гоочилдоггүй” байсан хэрэг.
Тиймээс л улс байтугай дэлхий нийтээр коронавирусын халдвараас сэргийлж, хөл хорио хэмээн сандарч байхад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ирэх сонгуулийн ажлаа төлөвлөн, өөрийнхөө төлөө, сурталчилгаанд ажиллах хүмүүсээр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар дүүргэх нь гэх хардлагыг ч дагуулж байгааг дуулгах юу.
Эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та кабинетын сайдынхаа тушаалыг эргэн харж, МАН-ын даргын хувиар Ж.Ганбаатар гишүүнийхээ үйлдлийг хязгаарлахгүй бол боловсролын салбарыг сонгуулийн ажилтайгаа хутган, самарч дуусгах нь байна шүү.