Нийслэлийн АН-ыг нэг хүний “өмчлөлд” байлгасаар байх уу
Ардчилсан нам алдаагаа засч удирдлагын багтаа өөрчлөлт оруулж эхэллээ. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулиар тус намын хуучин удирдлагууд фракц хоорондын зөрчилдөөн үүсгэж миний хүн чиний хүн гэх талцал үүсгэж намаа ялагдахад хүргэсэн.
Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан дөнгөж ажлаа авмагц буюу 2017 онд “Өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ард түмэн манай намд муу дүн тавьснаа сонгуулийн санал хураалтаар дамжуулан илэрхийлсэн. Бид ялагдлынхаа шалтгааныг хайгаад, АН-д шинэчлэл хийх хэрэгтэй болж, бодлого, зарчмаа хэрэгжүүлэх арга замаа өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн.” хэмээн ярьж байсан ч өнөөг хүртэл шинэчлэгдэж чадаагүй байсан. Энэ бүхнийг АН-ын гишүүд дэмжигчид ихээхэн шүүмжилж яг одоо байгаа удирдлагын багтайгаа 2020 оны УИХ-ын сонгуульд орвол дахин ялагдал хүлээнэ хэмээн шүүмжилсний эцэст АН-ын дарга С.Эрдэнийн халаасны хүн гэгдэх Ц.Тувааныг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгээр сольсон нь нүдээ олсон томилгоо байлаа хэмээн олон ч хүн сайшаалтай байв.
Ц.Баатархүү ажлаа авсан даруйдаа залуу хүний эрч хүчээр нам болоод улстөрд болж бүтэхгүй байгаатай эвлэрэхгүй гэдгээ зарлаж түүнд итгэл хүлээлгэсэн мянга мянган гишүүдийн сэтгэлд итгэлийн гал асааж хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг ялалтын буухиагаа атгаж болохын суурийг тавьчхав. Мэдээж АН удирдлагын багийн ганц гишүүнээ солилоо гээд өөрчлөлт хийж, ялалт байгуулна гэдэг асуудалтай. Учир нь УИХ-ын сонгуулийн гол цөм болох нийслэлийн АН-ын даргыг ч яаралтай соль гэх шаардлагыг гишүүд нь хоёр жил шаардсаар ирсэн. Шалтгаан нь гэвэл Нийслэлийн АН-ыг тэргүүлж буй Д.Баттулга. Түүнийг намынхан нь нөхөд нам дотроо мөн л С.Эрдэнээ шигээ өөрийн вант улсаа байгуулж намынхаа нөхдийг хөсөр хаясан хамээн гомдоллодог. Олон нийтийн хувьд түүнийг “КАЗИНО” гэдгээр нь сайн мэднэ. Хэрвээ тус намынхан багаа сайн бүрдүүлж чадвал Нийслэлийн АН-д ялалт ойрхон бий. Харамсалтай нь аль эрт казиногийн хэрэгт холбогдож, “аав”-ынд заларч явсан түүнд олон нийт сонгогчид ч итгэх итгэл үгүй болсон. Түүний хувьд Сүхбаатар дүүргийн АН-ыг аль хэдийн өөрийн хүмүүсээр бүрдүүлж, тус дүүргийн бүхий л албан тушаалыг “өгчихсөн”. Тодруулбал, түүний бэр Х.Болормаа гэхэд л тус дүүргийн Засаг дарга бөгөөд ажилчдаа хууль бусаар халсан гэх асуудлаас болж, 20 гаруй хүн шүүхийн байгууллагад хандан, эргээд ажилдаа орохоор болсон ч чадаагүй л яваа.
Энэ мэтчилэн Сүхбаатар дүүргийн АН гэж шуудайд хийсэн эвэр мэт хэдэн тийшээ харж суучхаад, эвлэлдэж нэгдэхээ байсан хүмүүс бий. Тэгэхээр сонгууль хаяанд ирсэн энэ богинохон өдрүүдэд тус намынхан Ц.Тувааныг сольсон шигээ Д.Баттулгыг хэн нэгэн лидерээр яаралтай солихгүй бол дахин ялагдал хүлээнэ гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ.