Тэнгэр чинь эмч биш, за.
Анх-Отгон ч эмнэлгээс гарч амжаагүй, адын муу вирус одоо ч шинжилгээ болгоноос нь илрээд, сэжигтэй байхад монгол зуршлаар асуудалд хандахаа л больчихмоор байх юм.
Тусгаарлалтанд байгаа хүмүүсээ эргэнэ гээд чипс ундаа, чихэр жигнэмэг зөөгөөд, эмч сувилагч нарын өдрийн ажлыг өнжин алдуулаад баймааргүй л байна. Удахгүй Сөүл, Германаас иргэдээ авчрах онгоц хөөрнө. Бас л ингээд баахан идэш ууш чирээд энд тэнд дугаарлаад, эмнэлэгт ачаалал үүсгээд байвал хэцүү. Хүний нутагт байгаа иргэд маань саравчлан хүлээж, сарвайтал зүтгээд эх орондоо энх мэнд хөл тавих гэж тэмүүлсээр байхад эргэж гар сунгадаггүй, эмээл хазаар төхөөрдөггүй ээж аав хаана байлаа. Гэхдээ байна аа, нэгэнт ирчихсэн юм чинь өлсөөд үхэхгүй, өлдөөд унахгүй.
Өөрсдийгөө ч эрсдэлд оруулж, гэртээ суугаа бяцхануудыгаа ч баахан зүдрээж ингэж явахаа болимоор байна шүү. Энэтхэгт 40 хэм халж байхад вирус тархсаар л байна. Монголын хаварт, зунд, бас тэнгэр заяанд тэгтлээ бүү найд, өөрсдөө л хичээе. Тэнгэр чинь эмч биш за. Дулаарахаар вирусгүй болчихно, дуудахаар тэнгэр ирээд тусалчихна гэж өөрсдийгөө хуурахаа л больчих.
Тэгээд байна аа, тоо сонсоод л тоормоз алдаад байж таарахгүй. Хянана, шинжилнэ, эвгүйдвэл эмчилнэ, эдгээнэ. Эрсдэлтэй, эмчилгээтэй, хагалгаатай, хүүхэд хөгшид бий. Эрүүл хүмүүс нь энэ биеэ хичээгээд, эх орондоо ачаа дарамт үүсгэлгүй, энэ хэдэн эмнэлэгтээ чөлөө болоод алхаж явах чинь том тус, том нэмэр.
Оросын түргэний тэрэгний жолооч, эмч нар вирусаар өвдсөн хүмүүсээ хэвтүүлж, хүлээлгэж өгөх гэж өдөржин дугаарлаж, Италийн армийн машинууд нас барагсдаа аччихаад шатаах газрын үүдэнд өнжин хонож байхад ингэж эрхлэхгүй, тэгж маяглахгүй, гүрийнэ шүү, гүтийнэ.
Эм тариа энэ тэр хэрэгтэй хүмүүс эмч нартаа хандаад тусгаарлалтын хугацааны эмчилгээгээ авч болно.
Би өвдвөл чи өвдөнө, чи өвдвөл бид өвдөнө, бид өвдвөл бүх Монгол өвдөнө гээд хэлээд л байгаа шүү.