“Зэвүүн яриа” ток шоугаараа олны танил болсн хөтлөгч Оргил залууст хандаж тамхинаас гарах уриалга гаргажээ. Түүний хэлж буйгаар, дэлхий даяар жилд 4,5 триллон тамхины иш хог хаягдал болдог бөгөөд тэр бүр байгальд шингэж чаддаггүй гэдгийг онцолжээ.
Мөн тамхинаас гарч чадахгүй бол тамхины ишээ хаяхгүй өөртөө авч явж байх чалленжийг эхлүүлж байгаагаа зарлажээ.
Тамхины ишийг анх 1950 онд тамхи татдаг хүмүүсийн уушгины хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах зорилгоор бүтээжээ. Тамхи нь нийт 250 өөр төрлийн химийн аюулт бодис агуулдгаас 69 нь хорт хавдар үүсгэгч бодис байдаг байна.
Харин 1960 онд тамхины иш нь тамхинд агуулагдах бохь болон никотины нөлөөг л бууруулдаг болохыг судалгаагаар нотолжээ. Тиймээс тамхи үйлдвэрлэгчид тухайн үед пилтертэй тамхийг борлуулахын тулд шүдний шарлалт үүсгэхгүй гэж сурталчилдаг байжээ.
Хожим мөн л шүд шарлалтын эсрэг ямар ч нэмэргүй гэдэг нь тогтоогдсоны дараа сурталчилгааны уг аргаа өөрчилжээ.
АНУ-ын Вашингтонд төвтэй дэлхийн далайн усны байгаль хамгаалах нийгэмлэгийн сайн дурынхан жил бүр далайн усан дахь хог хаягдлыг цэвэрлэдэг бөгөөд энэ жил 60 сая орчим тамхины иш цуглуулжээ.
“Тамхины иш бол хамгийн ихээр замбараагүй хаягддаг хог бөгөөд тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь тамхины ишийг био задралд ордог материалаар хийдэг гэж боддог хэмээн Сан Францискогийн Их Сургуулийн тамхины хяналтын бодлогын газрын ажилтан Элизабет Смит хэлжээ. Гэтэл бодит байдал дээр тамхины ишийг целлюлозын ацетатаар хийдэг нь байгальд хөрсөнд шингэх гэж 10 жил зарцуулдаг хуванцрын нэг төрөл юм.
Европын холбооноос энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах аж. Өнгөрсөн онд хэрэгжүүлэхээр баталсан нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд тамхи үйлдвэрлэгч компаниудад шахалт үзүүлж байгальд хуримтлагдаад буй тамхины ишний хог хаягдлыг цэвэрлүүлэх юм.
Тамхины иш байгаль орчинд хөнөөлтэй ч тамхи татдаг хүний эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэй вэ?
Тамхи татах нь та болон таны эргэн тойрныг эрүүл мэнд, санхүүгээр хохироож байгаагаас гадна алсдаа үр хүүхдүүд маань амьдрах эрүүл ногоон байгалийг тэднээс булааж буй явдал болоод байна.