Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг гар аргаар эх орондоо үйлдвэрлэдэг “Гилгэрэм” брэндийн үүсгэн байгуулагч, Авилгын эсрэг НЭГ ҮЙЛДЭЛ хөдөлгөөнийг санаачлагч Ч.Батцэцэг ковид туссан байна. Тэрбээр олон нийтийг эрсдэлээс сэргийлэх, халдвар авсан бол хэрхэн тайван байх талаар өөрийнхөө туршлгагыг хуваалцлаа. Түүний туршлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ч.Батцэцэг: “Халуурахаас долоо хоногийн өмнө гурван өдрийн турш толгой маш хүчтэй өвдсөн. Гурав дахь өдрөө шалтгаангүй, зовиургүй гүйлгэсэн. Тухайн үед нэмэлтээр минерал ууж байсан тул тэрнээс болжээ гэж бодсон. Тийм ч байсан байж магад.
Долоо хоногийн дараа хоолой өвдөх шинж орсон. Хачирхалтай нь тэр орой маш их зогьсуулав. Маргааш нь өдөржин бие арзайж, хоолой улам хөндүүрлээд шөнөдөө халуурч хонолоо. Ангин гэж бодсон. Ангин мөн ч байж магад.
Маргааш нь жинхэнэ Ёо-Ёо эхлэв. Өдөржин 40 хүрч халуураад, тархи ангалзаад, хоолой идээлж, дотор, гаднагүй хавдаж, амьсгал боох маягтай. Хамгийн аймар нь юу гээч? Бүх биеийн булчин, үе мөч шархирч өвдөөд, бонусанд нь аарцаг янгинаад, зүүн хөл дагаж өвдөөд машинаа барьж чадахгүй болов. Хажуугаар нь зүрх чинэрээстэй. Сая л ковид гэдэг бодолд алгадуулав. Өмнө ковид тусаад эдгэсэн найзаасаа асуувал амт үнэр алдахаас бусдаар шинж тэмдэг нэлээн таарч буй. Чичирч салгалаад арай гэж эмнэлгийн бараа харсан боловч эмийн жороос өөр ид шид тохиосонгүй.
Эмч: За яасан?
Би: Хоолой өвдсөн, халуурч байна. Арай ковид тусчаагүй байгаа?
Эмч: Туссан байвал тэр л биз дээ, дархлаа тогтоно.
Би: Шинжилгээ өгөх үү?
Эмч: Яахын, олон хүнтэй газар очоод дэмий.
Би: Ковид байвал яахын?
Эмч: Энэ чинь зүгээр хорон чанар ихтэй л болохоос томуу төст өвчин.
Би: Эмнэлэгт хэвтэхгүй юм уу?
Эмч: Чамайг тоож авах эмнэлэг байхгүй. Чамд витамин С л өгнө. Зүгээр л хариад наад эмээ уугаад гэфт, мэдө! 2 хоноод зүгээр болно.
Би:
Гэртээ ирээд шууд орондоо ороод толгойгоо дахиж өндийлгөх тэнхэлгүй болсны сацуу усыг шприцээр уухад хүрэв. Cармистай хар шөл уугаад 30 минут ухаан балартан унтаж халуун хэсэг бууж, тайвширсан ч төд удалгүй дотор салгалж тамын тогоондоо буцлав. Өдөржин, шөнөжин нялцайтал хөлрөв. Толгой ангас ангас, аарцаг янгис янгис. Төрөх цаашаа хэмжээнд дуншсан тул шөнөжин дөрвөн хөллөж хонов. Хэрэв ковид мөн бол ингэж өвдөх нь настай хүмүүст ахадсан ачаалал байх нь лавтай. Би тулдаа л тэссэн.
Өглөө дээрдсэнгүй тул эмчийн бичиж өгсөн антибиотикийн тунг хоёр дахин нэмж цагийг ойртуулав. Аз болж халуун буусан ч өдөржин хөлөрч, яг салхи авбал хатгаа болох гээд байгаа шиг эмзэг, сийгсэн бас жирэмсний хордлогоос ялгарах зүйлгүй бэлбийх мэдрэмжүүд зовоож, толгой, аарцаг, хоолой урьдын адил өвдөхийн дээр хоолны дуршил алга болов. Юм ярихад маш их ядарч, цээжин дотор хий залгигдсан юм шиг зогьсох эсвэл хэхрэх гээд байгаа мэт. Шөнөдөө хөлөрсөн ч халууралгүй хонов.
Маргааш өглөө нь ихэнх зовиур эрс буурч, амьдрал арай утгатай болж, анд нөхдийн эргэлт дархлааг сэргээв. Сая л босч угаал үйлдэх тэнхэлтэй болов. Харин гүнзгий амьсгаа авахад хий ханиалгаж, амьсгалахад төвөгтэй, цээж хөндүүр байв. Шөнөдөө зүрх чинэрч нойр нэлээн хулжив. Амьсгалын дасгал заалгасан нь хэсэг цээж онгойлгов.
Харин өнөөдөр зүрх чинэрэх, дутуу амьсгалаад байгаа мэт мэдрэгдэх, хий ханиалгахаас бусдаар баашлаад л, жаргаад л хэвтэж байна даа. Хэрэв ковид мөн бол шандас шалгасан ханиад байна. Гэтэл өнөөдөр шүлсээр өгсөн тест маань сөрөг гарч тэнэгтлээ. Би ямар өвчин тусчихав аа?
Өрнийн болон дорнын анагаагчид онош хайрлаарай.
Ковид туссан, тэгээд юу гэж?
МАСКАА БҮҮ ТАЙЛ!” гэжээ.

