Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан.
Харин өнөөдөр Улаанбаатар хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас хийлээ.
“Шарилжгүй Улаанбаатар аян” зохион байгуулна
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн долоо хоногт Хотын даргын найман чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 86.8 хувьтай байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 41 байршлын 226 хашаа, шонг буулгаад байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар аян-6” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурна. Энэ жил нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
37.8 га газрыг зүлэгжүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцаж ажилладаг. Үүнээс 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га газрыг шинээр зүлэгжүүлэх юм. Мөн навчит болон шилмүүст мод, бут сөөг, ургамлан хашлаганд нийт 548.232 мод, сөөг тарина. Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриан дор зохион байгуулах, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 хороотой хамтран 5000 орчим айл өрх мод тарихаар бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, “Тарьц, суулгац-2021″ цахим үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна.
Хотын гол болон туслах 32 гудамж, замуудад нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Тавдугаар 8-ны байдлаар нийт 24 гудамж, замуудад 223.500 метр урт заадас засварын ажлууд хийгээд байна. Засварын ажлын явц 75 хувьтай байгаа юм. Мөн 176 гудамж, замуудад нийт 45 мянган ам метр нүхэн эвдрэлд засварын ажил хийхээр төлөвлөснөөс нийт 6750 ам метрт хийгээд байна.
Дүүрэг бүрд дархлаажуулалтын таван цэг ажиллаж байна
Шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүрэг бүрд PCR шинжилгээний суурин цэг ажиллана. Мөн дүүрэг бүрд таван вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Нэг цэг нь АстраЗенека вакцины давтан тун хийх бол нөгөө нь 65-аас дээш насны иргэдийг Спутник вакцинд хамруулж, үлдсэн цэгт Вероцелл тарина” хэмээн танилцууллаа. Мөн Хотын дарга Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүдийн биеийн байдал ямар байгааг асууж, тэдэнд байнга анхаарал хандуулж, биеийн байдалд хяналт тавьж байхыг сануулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Гишүүд тавдугаар сарын 5-наас өлсгөлөн зарласан. Гишүүдийн биеийн байдлыг өдөр болгон үзэж байгаа. А.Адьяасүрэн гишүүний сахар ихсэж, өлсгөлөнг зогсоосон” хэмээн мэдээлэл өглөө. Мөн сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо буурсан. Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 92.6 хувь нь I тундаа хамрагдсан бол II тундаа 49 хувь нь хамрагдаад байна. Иймд дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж, эмч, ажилтнуудаа амраах зохицуулалтыг хийж эхлэх гэнэ.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нийтээр тэмдэглэхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгасан. Нийслэлд хийж байгаа инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд дууссаны дараа нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хорооллуудын дундах орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц өмчлөгчдийн холбоотой санал, солилцдог байнгын ажиллагаатай ажлын хэсгийг дүүрэг тус бүрээр байгуулж ажиллахыг даалгав. Түүнчлэн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь 1700 орчим ажилтан, алба хаагчтай. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1643 орон сууцны байрны 95 мянга орчим өрх, 29 мянга гаруй оршин суугч, 9000 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 144 ус, дулаан дамжуулах төв, халаалтын 271.5 км, хэрэглээний халуун усны 214.5 км, хүйтэн усны 150 км, ариутгах татуургын 190.2 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, үйлчилгээг хариуцдаг” гэдгийг онцолж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС