Бүх цэргийн eрөнхийлөн захирагч, Монгол Улсын Eрөнхийлөгчөө!!!
Батлан хамгаалахын сайдаа!!!
Зэвсэгт хүчин жанжин штабын даргаа!!!
Харийн улсад дайны бүсэд энхийг сахиулж байгаа Монгол цэргүүдийн, нийт алба хаагчдын цалинг ичгүүргүйгээр танаж, 30 хувийг нь булаадгаа хэзээ зогсоох юм бэ????

Нэгэн зүйлийг сануулахад, Монгол Улс 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг, зэвсэг нийлүүлэх болсоор 200 орчим жилийг үдээд буй.
Энэ хугацаанд монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд улс орноо төлөөлөн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө олон улсын цэрэг, дайчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, сахилга зохион байгуулалт, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэлтээрээ онцгойрон Монгол Улсын нэрийн хуудас болж яваа нь хаа ч дарагдахгүй үнэн!!!
Гэтэл ингэж ажиллаж байгаа энхийг сахиулагчдынхаа дайн самууны галд хөлс, хүч, хөдөлмөрөө зориулсаныхаа төлөө хүртэх ёстой цалингаас нь 30 хувийн татаас авдаг харгис үйлдлээ Монголын төр хэзээ зогсоох юм бол???
Энэ асуудлын зангилааг өнгөцхөн хөөвөл, 2010 онд УИХ-аар баталсан Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн 10 дугаал зүйл “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал” хэсэгт:
10.1 Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал нь сургалт, бэлтгэл, хангалт, оролцох үеийн зардлаас бүрдэх бөгөөд уг зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгасан байна.
10.2 Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.
10.5 Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг.
Товч бөгөөд тодорхой хэлбэл “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна.” гэжээ.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2011 онд 270 дугаар тогтоол гаргаад:
1. Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоосугай.
2. НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн үлдэх 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгасугай… гээд шийдвэрлэчихсэн.
Тэгвэл Засгийн газар 2011 оны 270 дугаар тогтоолоо хүчингүй болгож, Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийг 100 хувиар тогтоох боломж байгаа…
Нэг цэргийн алба хаагчийн томилолтын 1 сарын зардал нь 1400 гаруй ам. доллар бөгөөд 12 сар үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч НҮБ-аас 17000$ гар дээрээ авах эрхтэй бөгөөд үүнээс 30 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд 2011 оноос эхлэн татсан байдаг.
Өөрөөр хэлбэл нэг цэргийн алба хаагчийн нэг жилийн томилолтын зардлаас 5100$ татаж авдаг гэхээр 850 цэргийн алба хаагчтай нэг ээлжийн цэргийн багаас нийт 4,3 сая $-ын томилолтын зардлыг татаж, Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлдэг гэсэг үг юм.
Ингээд Зэвсэгт хүчний тухай хуульд “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, түүний зарцуулалтыг батлан хамгаалах бодлого болон тухайн улстай байгуулсан гэрээний нөхцөл, болзолтой уялдуулан шаардлагатай бол Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлд хамааруулна” гээд баталчихсан нь шулуухан хэлэхэд энэ тухай дуугарсан бүхний амыг таглах үндэслэл болж байгаа юм.
Хамгийн гол нь энэ мөнгийг монголын төр авахгүй байж болно. Яагаад гэвэл, энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөрийн дэргэд цэргийн алба хаагчдын мөнгө бол тогоонд үлдсэн хусам гэдгийг төр өөрөө мэдэж байгаа.
Тэгээд ч манайх шиг цэргийн алба хаагчдынхаа хөлснөөс татаас авдаг төр хаана ч байхгүйг энд хатуу сануулахад зүйд нийцэх юм. Монголын төр хэдий болтол харийн улсад, дайны бүсэд энхийг сахиулж байгаа алба хаагчдынхаа цалинг танаж 30 хувийг нь татахаа болих юм бэ???
Бүх цэргийн eрөнхийлөн захирагч, Монгол Улсын Eрөнхийлөгчөө!!!
Батлан хамгаалахын сайдаа!!!
Зэвсэгт хүчин жанжин штабын даргаа!!!
Харийн улсад дайны бүсэд энхийг сахиулж байгаа Монгол цэргүүдийн, нийт алба хаагчдын цалинг ичгүүргүйгээр танаж, 30 хувийг нь булаадгаа хэзээ зогсоох юм бэ????

