“УЛААН БҮС”-ИЙН “СУМГҮЙ”ДАЙЧИД- 2
Сэтгүүлчийн тэмдэглэлээс..
ЭМЭЭ БИД ХОЁР
… Шөнө дунд. Энд тэндгүй бөгшүүлэн ханиалгах, амьсгаа нь дээрдсэн хүмүүс. Хэн хэн рүүгээ дөхмөөр санагдавч зам дэндүү хол мэт санагдах.

Цонхоор хавирган сар гэрэлтэж палатыг нэлэнхүйд нь гэрэлтүүлэх ажээ. Үүдний орон дээр хэвтэх эмээ бид хоёр палатандаа хоёулхнаа. Өдөр эмээгийн орыг засч өгөөд хоолыг нь дөхүүлээд өгсөн их баярласан билээ. Охин минь эмээ нь одоо 76 настай. Сайхан насалж байнаа. Залуудаа бүжигчин байсан, одоо ч хүнд хэлэхэд ичмээр дээ. Хоёр хөл тас майга гэж өөрийгөө
шоолонгоо яриасах шинжтэй. Тэгэнгээ энэ ёстой муухай өвчин юм аа. Эмээ нь хөгшнийгөө энэ өвчнөөр алдаад яг сар болж байна гэж хэлэнгээ хоолой нь зангирч дуугаа хураав. Эмээ та одоо янз бүрийн юм бодож сэтгэлээр унаж болохгүй ээ. Хүүхдүүдээ бодно шүү гэж хэлэхэд тэр дороо л нээрээ тийм шүү гэв. Бид хоёрын өдрийн ярьсан яриа. Шөнө дунд толгой даагдахгүй, амьсгаа дээрдэж нэвт хөлрөв. Эмээ , охин минь яаж байна. Эмээ нь ус буцалгаж өгье гээд таягаа тэмтрэх сонсогдов. Эмээ та хэрэггүй, би өөрөө жоохон хөлсөө намдаагаад босноо гэсэн чинь үгүй ээ эмээ нь ус буцалгаж чадна, юу гэсэн үг үү л гэж байна.
Ус буцаллаа эмээ хөөрхий минь нэг гартаа халуун ус нөгөө гартаа таягаа тулжээ. Ойчив доо гэж урдаас нь санаа зовоостой болохоос дуу гарахгүй юм. Эмээ ус уулгангаа толгой дээр минь мойног хуруугаа илбэн барьсан нь ижий мэт санагдаж нулимс өөрийн эрхгүй урсч дэр норгов. Тэр мойног хуруугаар дамжуулан ижий минь “охин минь тэснэ шүү” гээд хэлээд явчих санагдав. Эмээ их баярлалаа гэхэд зүгээр охин минь одоо сайхан унт гэв. Ингээд “Улаан бүс”-д хоносон дөрөв дэх шөнө ийнхүү өнгөрөв өө.Өглөө эмээг Ахмадын эмнэлэгт шилжүүлэн хэвтэхээр болж , эмээгээ урт насалж , удаан жаргахын ерөөл тавиад хоцров. Хаа ч явсан сайхан буурайнуудын нөмөрт багтаж явдаг азтай хүн ээ би.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ Ч ХҮН ШҮҮ ДЭЭ…
Улаан бүсд яг нүүр тулж уулзах гурван хүн бий. Эмчлэгч эмч, сувилагч , асрагч. Энэ гурав маань зогсолтгүй ажиллах бөгөөд сувилагчийн хулдаасан бээлийнд хөхөгдсөн гарыг нь харахаар өөрийн эрхгүй хайр, энэрэл төрнө. Эмч охиныхоо бүтэн нүүр царайг харж амжаагүй. Ямар ч байсан том алаг нүдтэй, нүдний шилтэй, хурдан хөдөлгөөнтэй. Хэд хоносны дараа эмч гүйгээд орлоо. Эгчээ, таниас нэг тусламж гуйчих уу гэж байна. Тэгэлгүй яахав гэлээ. Таны өрөөнд нэг саажилттай эмэгтэйг оруулмаар байна, та харж хандаж байгаач, палатных нь хүмүүс хамт байхдаа төвөгшөөгөөд байна, би их хүнтэй болохоор шөнө санаа зовоод байхийн гэж байна. Би ч тэгэлгүй яахав ээ, бага ч гэсэн тус болж байвал надад сайхан байнаа л гэв. Төд удалгүй хагас харвасан бололтой суга таягтай залуухан охин орж ирэв. Инээд алдсаар л.
Би ч аль палат билээ эгч нь юмыг нь зөөгөөд оруулья гэлээ. Хуучин палатанд нь орвол нэг өвгөн жаахан хүүхэдтэйгээ, нэлээд ярвагар царайтай 50 гаруй насны эмэгтэй байх. Би ч боосон юмыг нь аваад гарах гэтэл гутлыг нь
мартав аа. Оо өрөөнд байгаа гэж байна. Тэгэхээр нь яахаараа оо өрөөнд байдгийн та нарын гутал орон доогуураа л байна ш дээ гээд ёозгүй хэлсэн чинь мэдэхгүй, мэдэхгүй гутлаа байн байн өмсөөд л байдаг ш дээ гэв. Нээх сонин хандлагатай байсан энэ аж. Үүнээс илүү хандлага байсныг эмч бүсгүй анзаарсан бололтой. Ингээд палатны шинэ охинтойгоо ойр зуурын үг солиход, ерөнхийдөө хүмүүс өөртэй нь цэрвэж ханддаг, нийгэмд эзлэх байр суурь гэж бараг байхгүй, хааяа маш их гутардаг, эрүүл хүмүүс төвөгшөөж харилцдаг, сая энд хэвтэхэд хоолыг минь дөхүүлээд өгөөч гэж тэр эмэгтэйгээс гуйсан чинь ” чи таягтай юм чинь өөрөө яваад авчихаж байгаач ” гэж хэлсэнд нь их гомдсон гээд сэтгэлийн зовлонгоо бага ч болтугай ярив.
Ярих бүртээ хөөрхөн инээх юм. Тэгснээ хүүе ээ эгчээ энд ирээд хүнтэй бараг яриагүй юм байна, харвалтаас болоод хэл ярианд өөрчлөлт орсон болохоор хүмүүс миний яриаг ойлгодоггүй гэж байна. Тэгэхээр охин чинь утсаар ярихдаа сүрхий чамтай ярьсан шүү дээ гэсэн чинь харин тиймээ охин минь , заа ээжээ, аанхаа л гээд байдгийн. Ойлгодог гүйг нь ёстой бурхан л мэдэх байхдаа гээд инээмсэглэв. Хүнд өвчний хажуугаар хүмүүсийн хүн чанарын хандлага ямар ч их хөрөөв дээ.
ДУСЛЫН ШИНГЭН, ТАРИУРГҮЙ СУВИЛАГЧИД

“Улаан бүс”-т эмнэлгийн наад захын эмийн бүтээгдэхүүнүүд ховорджээ. Ковидоор өвчлөгсөдийн ихэнх нь дусал тариагаар эмчлэгдэж байна. Харамсалтай нь хүрэлцээгүй. Өвчтөнөө эрүүл болгохын тулд эмчилгээгээ гүйцэд хийх ёстой. Энэ бүхэнд салбар хариуцсан Эрүүл мэндийн яам хүч тавин ажиллах ёстой атал эмнэлгийнхэн бүхэлдээ бүтээгдэхүүний хомсдолд ороод буй.Натри хлорид 100 граммынх олдохгүй учраас 250 граммын 150 ынх нь асгаад 100 гр болгож тарих юм. Мөн тариур, спирттэй хөвөн бүгд ховордсон.
Ёстой дайны үед сумгүй дайчид шиг ажиллаж байна. Яагаад хомсдоод байгаа учрыг асуухаар Эрээний хил хаагдсан, шингэн дуслын гялгар уутыг Эрээнээс авч энд савладаг ажээ. Тэгээд урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж ажиллаж байгаа Монголын эрүүл мэндийн байгаа царай нь энэ юм. Хэдэн эмч сувилагч асрагч нартаа ийнхүү найдчихаад үхлийн тоог байнга зарлаад байгаа Засагтаа гомдох сэтгэл олон хүнд төрсөн байна лээ.Гал гарсан үед унтраах багажгүй улаан гараар үзэж яваа “Улаан бүс”-ийн дайчиддаа сум зөөж өгөхийг хичээнгүйлэн хүсье.
Сэтгүүлч В. Сарантуяа
2021. 11. 8

