Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан үзлэг шинжилгээгээр талийгаачийн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байж болзошгүй гэж байв. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа аж.
Хүүхдийн цогцост задлан хийхэд “Талийгаач хоёр сартай хүүхдийг амиа алдсны дараагаар муур хамрын салстыг идсэн байж болзошгүй.
Үхлийн шалтгаан нь бүтэлтээс болсон” гэх дүгнэлтийг гаргаад байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр, талийгаач охины ээжтэй хамт нэг хашаанд байдаг ахынх нь хоёр хүүхэд болох тав болон найман настай хүүхдүүд тэнэмэл муурыг хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө гэртээ оруулсан байна.
Талийгаач охины ээж 19 настай бөгөөд тэр өдөр ахынх нь хоёр хүүхэд хамт хонож байжээ. Шөнө охиноо хөхүүлж унтаад өглөө босоход ийм харамсалтай явдал болсон байсан аж.
Өглөө ахыгаа орж ирэхэд сэрж, хэрэг явдлыг мэдэж, муурыг гаргаж хаяжээ. Уг муур нь зулзаган муур байсан аж. Охины ээж нь чих хатуутай байсан гэнэ. Тиймээс төрсөн ах нь хүүхэд нь уйлаад байхаар нь гэрт нь орж хэлж, хүүхдээ хөхүүл гэж хэлдэг байжээ.
Дээрх хэргийн талаар нохой, муурны эрхийг хамгаалдаг Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон өчигдөр хэвлэлд мэдээллэхдээ “Хэргийн үнэн тогтоогдоогүй байхад нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байгаа нь иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Үүнээс болж иргэд амьтнаа гаргаж хаях, чулуу шидэж алах гэх мэтээр асуудлууд гарч эхэлж байна. Муур хэзээ ч хүүхэд хүн рүү дайрч амь насыг нь хөнөөж байсан тохиолдол байдаггүй. Өлсөхийн эрхэнд нас барсан хүний зөөлөн эдийг идсэн тохиолдол дэлхийд цөөхөн хэдхэн байдаг талаар мэдээлэл байсан.
Энэ нь тэжээвэр амьтан хоол өгөх хүн байхгүй болсон учир асар их өлссөнөөс үүдэн гарсан асуудал. Уг хэргийг мэдээлэхдээ муур хүүхдийн аминд хүрсэн мэтээр мэдээлсэн байсан. Хажууд нь ээж нь унтаж байгаа тохиолдолд муурын зулзага хүүхдийн аминд хүрнэ гэж байхгүй” хэмээн ярьсан байдаг.
Ямартаа ч, мэргэжлийнхэн тус хэргийн нэгдсэн дүгнэлийг тун удахгүй олон нийтэд ил болгох юм байна.

