Хоёр жилийн хугацаанд шинэ жил тэмдэглээгүй монголчууд энэ жил шинэ жилээ эртнээс эхлүүлж, зарим албан байгууллагуудын шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ.

Албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний төвүүд гадаах талбайдаа өнгө өнгийн тоглоомтой, өндөр гацуур модоо засахаар бэлтгэж, санхүүдээ шинэ жилийнхээ төсвийг суулгаж байна. Шинэ жилийн баярыг ногоон гацуур, элдэв янзын чимэглэл, өвлийн өвөөгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэтэл урд хөрш хилээ хаасантай холбоотойгоор гацуур, гацуурын чимэглэл одоогоор худалдаанд гараагүй байна. Харин өнгөрсөн жилийн шинэ жилээр илүү гарч дарсан бараагаа наймаа эрхлэгчид гарган борлуулж эхэлжээ.
Дуугардаг, дуугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам гээд л төрөл бүрийн гацуурууд 50 см-ээс гурван метр хүртэл байна. Үнийн хувьд дунджаар 150 мянгаас 8 сая төгрөгийн хооронд байгаа юм.
Саа, тууз, чимэглэлийн хувьд урт өргөнөөсөө хамаараад 8000-250000 төгрөгийн үнэтэй. “Нарантуул” захад жилийн жилд шинэ жилийн гацуур хамгийн хямд байдаг. Гэвч энэ жил наймаа эрхлэгчид нь гацуураа эрт гаргахаас татгалзаж, хил нээгдэхгүй бол үнэ хүргэхээр зэхэж буй талаар баттай эх сурвалжууд хэллээ. “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ өссөн гэнэ. Учир нь хил гааль хаагдсан, мөн юанийн үнэ 445 төгрөгтэй тэнцэж буй учраас бараа бүтээгдэхүүн татаж авахад хүндрэлтэй байгаа аж.
Ташрамд дуулгахад, онлайнаар гацуур захиалахад 180 мянган төгрөгөөс эхэлж буй бөгөөд хамгийн үнэтэй нь 5 м-тэй гацуур 8 сая төгрөгт хүрээд байгаа аж.

