“Мандухай цэцэн хатан” киноны Баянмөнх жонон, “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Хуйлдар цэцэн, “Говийн зэрэглээ” киноны II нисгэгч, ” Waiting for the barbirian’s” -ын уугуул иргэний дүрээр бидний сэтгэлд хоногшсон МУГЖ Д.Гүрсэд өчигдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат тэрээр Монголын кино урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж буй ахмад уран бүтээлч юм.
Буурал өвгөний дүрээр сүүлийн жилүүдэд олны өмнө ил гарах болсон тэрээр Ардын жүжигчин шагналаа авахаар ирэхдээ сахалаа авч, 10 гаруй насаар залуухан төрхтэй ирсэн байна. Ямарсайндаа л, түүнийг дэлгэцээс харж байсан хүмүүс “Арай залуужаа юу даа” гэж үг унагах вээ дээ.
Ямартаа ч, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд Төрийн өндөр дээд шагнал авсныхаа дараа сэтгүүлчдэд сэтгэгдэлээ илэрхийлж “Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийн бүтээдэг энэ салбарт өөрийн амьдралыг зориулж өнөөдрийг хүрч, төр засагтаа үнсүүлж байгаадаа баяртай байна. Би нийт 60 гаруй киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон. Гадаадын алдартай уран бүтээлчидтэй хамтарч ажилласан удаа ч олон бий. Энэ бол хамт олон, уран бүтээлчдийн маань ач буян юм” хэмээн ярьжээ.