Попера урсгалаар Монголдоо анх дуулсан хамтлаг бол “Нюанс”. Энэ төрлөөр тэд Монголын хөгжмийн ертөнцөд хэдийнэ өөрсдийн байр сууриа олсон тэд эхнээсээ Төрийн дээд шагнал хүртэж эхэлсэн. Өчигдөр гэхэд тус хамтлагийн дуучин Болорчулуун Алтангадас одонгоор шагнуулсан.
Уг байр сууриа олохын тулд чамгүй олон, чанартай уран бүтээл хийж байв. Хамтлагийн залуус монголынхоо үзэгчдэд төдийгүй гадаадад зохиогдсон олон улсын чанартай фестиваль арга хэмжээнд амжилттай оролцож монголын сонгодог урлаг тэр дундаа попера урсгалыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа.
“Нюанс” хамтлаг урын сан, уран бүтээлдээ дэлхийн сонгодог бүтээлүүд болоод дэлхийн алдартай поп болон попера дуунуудыг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэл дээр дуулдагаараа бусад хамтлаг, дуучдаас өөрийн гэсэн өнгө аясаараа ялгардаг онцлогтой. Үзэгч, сонсогчдод сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг “Нюанс” хамтлаг өнөөдөр киноны нээлтэд ч СОНГОДОГ урлагийг мэдрүүлсээр явна.