За ёстой цөм авсан хоолойтой, залуусын хэлдгээр бол “тасарчихсан” дуучин тэр биш л дээ. Гэхдээ нэг тийм хэвшмэл, хуучинсаг төрх дороос хүчтэйхэн өндийж харагдахгүй байсан монголын рок попын тогоонд орж ирснээрээ С.Сэрчмаа оносон.

Тэр Улаанбаатарт мэндэлсэн ч, уг угшил нь Архангайнх. Аав Самбуугийнхаа төрсөн нутагт очих тун дуртай хүүхэд байснаа С.Сэрчмаа ярьдаг юм билээ. Дөрөвдүгээр хороололд бага насаа өнгөрүүлсэн тэрбээр бүр дөрөв тавхан настайгаасаа ээжийн тухай дуу дуулж, зургаан настай байхдаа л тайзан дээр хийл хөгжим тоглож зогссон гэдэг.
Дуулахаас гадна дэлхийн хөгжмийн хатан хаан хэмээн нэрлэгддэг хийл хөгжмийг эзэмшиж, уянгалуулан тоглож чаддаг нь түүний авьяасын тод илэрхийлэл биз ээ. Тэр дунд сургуулийн сурагч байхдаа дуулдаг, бүжиглэдэг, элдэв тоглолтуудад оролцдог гээд юм юм руу үсэрсэн элдэвтэй охин байсан гэсэн.
Түүний 25 жилийн өмнөх гэрэл зургийг “оддын үсчин” Одонгоо цахим хуудаснаа онцолжээ. 1995-1996 онд дуучин бүсгүй ийм охин байжээ.

Түүнийг урлагт анх хөл тавихад дуучин Б.Сарантуяа “Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ” гэж хэлж байсан нь мэргэжлийн хүний нүдээр түүнийг ончтой тодорхойлсон хэрэг шүү.
Өөрийгөө Sally хэмээн нэрийдсэн хувь уран бүтээлч болохоосоо өмнө тэрбээр “Emotion” охидын хамтлагийн гишүүн байсан юм. Гэвч хамтлагийн продюсер Чинбаатай таардаггүй байсны улмаас хамтлагаасаа гарсан гэж яригддаг байлаа. Магад, шалтгаан нь өөр ч байж болох.
“Казино” Байгалийн хүү “Мичид рекордс”-ын захирал Б.Тэмүүлэнтэй хамт амьдарч байсан жилүүд түүний намтарт чухал байр суурь эзэлдэг болов уу. Тэд IV-р хорооллын Модны 2-т С.Сэрчмаагийн аавын гэрт хамт амьдардаг байсан юм билээ. Өмнө нь амьдралтай байсан Б.Тэмүүлэн С.Сэрчмааг эхэндээ гал шиг халуунаар хайрлаж байсан ч, сүүлдээ тэр нь бөхөж, хэн хэнийх нь сэтгэл хөрсөн гэгддэг. Гэхдээ тэр хоёр Эрээн хотын захаар хэсч олны нүдийг хужирлан, од хос шиг явсан сайхан дурсамжаа хааяа нэг санацгаадаг л биз. С.Сэрчмаа Б.Тэмүүлэнгээс хурим хүртэл мөрөөдөж ярилцлага өгч байсан удаатай. Тэд олон ч жил холбогдож, олон ч жил хамтран амьдарсан ч, Б.Тэмүүлэн өмнөх амьдралдаа бүрэн цэг хатгаж чадалгүй байсаар, шинэхэн дурлалаа хуучруулан, улмаар салцгаасан түүхтэй. С.Сэрчмаа Б.Тэмүүлэнтэй үерхэж байхдаа “Би найз залуутай. Одоогоор хуримаа товлоогүй байна. Амьдралд хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий болгоомжилсоор сайхан хайрыг алдаж болохгүй байх” гэж хүртэл ярьж явсан удаа бий.
Тэрбээр 2010 онд Т.Баярт хэмээх Өвөрмонгол эртэй хуримаа хийн харийн бэр болсноор олон ч монгол залуусын зүрхэнд шар ус хуруулж байсан. Түүний өвөрмонгол нөхөр нь бүр 7 наснаасаа эхлэн жижиг наймаа хийж эхэлсэн ч, одоо тэрбумтан болсон сүйхээтэй нэгэн. Тэд дундаасаа Хураа гэх охинтой. Гэвч хосуудын хамтын амьдрал удаан үргэжлээгүй хоёр тийш болсон.
Дуучин С.Сэрчмаа 2022 онд 40 насны босго алхаж буй.

