Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын холбоо цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Монголын цахим сэтгүүл зүйн гурван форумыг амжилттай зохион байгуулсан.
Түүнчлэн Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхгийг олон нийтэд хүргэж ажилласан. Өөрөөр хэлбэл, Монголын сайтын холбоо дан ганц цахим сэтгүүл зүйдээ хандсан үйл ажиллагааг явуулдаг байсан бол энэ удаагийн ээлжит IV чуулганаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй нь энэ юм.
“Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажилласан бол Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Мөн дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллаж байна.
Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцож буйгаас гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үзэл бодлоо хуваалцаж байна. Цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёс зүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөлөл илтгэлүүд тавигдаж байна.






