Одоогоос хэдэн жилийн өмнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар гэгддэг байсан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан билээ.
Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байв. Б.Батзаяа нарыг баривчлагдсан дуулиан дэгдэх үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүртэл хэвлэлийн мэдээлэл хийж байсныг бодоход тэрбээр нэлээн том ар талтай байсан нь тодорхой.
Харин тэрээр сүүлийн таван жил улс төрөөс хөндийрч, Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж зах зээлд нийлүүлэхээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн монгол брэндийн “ТАВАН НҮДЭН” брэндийг үүсгэн байгуулав.
Өмнө нь харж байгаагүй ч танил дотно санагдах, монгол гэсэн мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлэм “Ав”, “Өв”, “Анд” зэрэг хутганы загварууд монгол эрчүүдийн харааг жинхэнэ утгаар нь булааж буй. Монголд оёж, хатгасан, хадаж эвлүүлсэн зүйлийг л монгол брэнд гэх нийтлэг ташаа ойлголтыг эвдэж, Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын зах зээлд танигдсан, хүндлэл хүлээсэн брэнд бүтээхээр Б.Батзаяа ханцуй шамлан зүтгэж буй гэнэ лээ.

