Улс орны эдийн засаг иргэдийн сэтгэлзүй, нийгмийн чанарт нөлөөллөө үзүүлсээр байна. Хоёр жил үргэлжилсэн хөл хорионоос “одоо л нэг саллаа” гэсэн монголчууд бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж буй билээ. 
Төгрөгийн үнэ навсайталаа бууж ам.доллар, юанийн үнэ тэнгэрт хадсаныг уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж буй байх.
“Мандуулна” гэсэн уриатай парламентийн ихэнх суудлыг аван МАН төрийн эрх барьж, Ерөнхийлөгчийн суудал эзлэхэд монголчууд бид итгэл найдвар тавьж, эдгээр хүмүүсийг “толгой дээрээ гаргасан”.
Тэднийг Төр удирдаж буй энэ жилүүдэд ядуурал дээд түвшиндөө хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд бүх нэр төрлийн бүтээгдэхүүн дунджаар 60 хувиар нэмэгдлээ. Цалин нь бахь байдгаараа боловч татвар татаас нь өдөр бүр нэмэгдсээр.
Тэр бүү хэл, олон зуун, мянган жилийн турш арилжаа наймааны түнш байж ирсэн хоёр хөрштэйгөө ч харилцаагаа зузаатган, экспорт импортыг нэмэгдүүлсэнгүй. Харин ч хоногийн хоолоо тэдгээр улсаас “зөөдөг” иргэдийнхээ нуруунд ачааг хэдэн зуу дахин үүрүүлж, гаалийн татвар, каргоны үнийг санааныхаа зоргоор хэлдэг болголоо. Төрийн хүнд суртлаас, авилга хээл хахуулиас энэ үнийн өсөлт үүссэн гэдгийг ухаант иргэд нь мэдээд байхад, яагаад “томчууд” нь мал маллаж байгаа аятай хандлага гаргана вэ.
Түүнчлэн, өдгөө төрийн өдөрлөгт сууж буй “гурван өндөрлөг” бүгдээрээ жагсаал цуглаанаас төрсөн “од”-ууд гэдгийг монголын ард түмэн мартаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн жилийн өмнө жагсаал хийж, гүйхдээ “надад албан тушаал хэрэггүй” гэж ам бардам өгүүлж байсан.
Харин тэрбээр өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэн жагсаал хийх хүсэлтэй иргэдийнхээ эсрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнийг бэлэн байдалд байлгах болсон мэт гэрэл зураг өнөөдөр манай сайтын редакцид ирлээ.

Цагдаагийн байгууллагаас үүнийг “Цагдаа дотоодын цэргийн байгууллага зуны хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Жагсаалын үзлэг хийж байгаа юм” хэмээн тайлбарлаж буй.
Өнөө маргаашийн амьдралаа залгуулах гэж “ядарч” яваа иргэд бид энэ зургаар хардах эрхээ эдэлсэн болно.

