Нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудалд цөхөрсөн залуу үеийнхэн ирээдүйгээ хамгаалахын тулд өчигдөр /2022.04.07/ 10.00 цагаас төв талбайд жагссан билээ.
Тал бүрээс цугласан залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлж байв.
Талбай тойрон алхах залуус “Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл орчинд, элэг бүтэн амьдармаар байна” хэмээн хоолойгоо сөөтөл орилон зам дагуу явж буй хүн бүрийг жагсаалдаа татах нь тэр. Үүнтэй зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хүртэл дуут дохиогоо хангинуулан дэмжиж буйгаа илэрхийлэв. Залуус гэлтгүй иргэд бухимдал дүүрэн байгаагаа ийн илэрхийлж байсныг онцлох нь зүйтэй.

Тэгвэл урлаг соёлын салбараас олон танигдаж яваа залуу үеийн төлөөллүүд тэр дунд харагдаж байв. Хэн хэн тус жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлснийг дараах зургуудаас харж болно.
Тэд “Эзэн заяа хоёр хоёулаа хичээгээд байхад л болохгүй юм байна шдээ”,
“Тэмцдэггүй ард түмэн мөхдөг шүү дээ. Бид гурван сая гаруй иргэнтэй. Яагаад бүгдээрээ нийлээд энэ нийгмийг өөрчилж болохгүй гэж. Хүчээ нэгтгэж чадвал оройтоогүй байна.
Утасны цаанаас зүгээр бичих биш үг, үйлдэл хоёроороо харуулах хэрэгтэй байна”,
“Баярлалаа, төр засагтаа. Та нар олон улсын жишигт эх орноо аваачиж чадлаа.
Юугаараа гээч. Үнийн өсөлтөөр. Өнөөдөр бидний дундаж цалин нэг сая. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ АНУ-ын бараа бүтээгдэхүүний үнэтэй ижил байна. Гэвч тэр улсын иргэдийн дундаж цалин 6000 ам.доллар байна. Харамсалтай”
“Залуус бид эх орондоо амьдармаар байна. Бид харь орон зорьж, хүний боол болж, ажил хийхийг хүсэхгүй байна. Яагаад нутагтаа хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд, эрүүл орчинд, сэтгэл хангалуун амьдарч болохгүй гэж. Эх орон минь баялагтай хэдий ч хүртэх хүн нь цөөхөн юм даа” хэмээн үзэл бодлуудаа илэрхийлж байв.


