Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч Сүхбаатарын талбай дээр зургаан хамгаалагчтай хамт гарч ирлээ.
Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байгаа юм.
Залуусаас өчигдөр баригдсан залуусыг суллаж, өчигдөр өнөөдөр жагсаж буй ард түмнээсээ уучлалт гуйхыг хүсэв.
Тэрбээр “Эрхэм залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр төв талбай дээр шууд хэлбэрээр уулзаж буйд миний бие баяртай байна. Өчигдөр орой миний хувьд гарч ирэхийг маш их хүссэн.
Яг та бүхэн шиг би залуу хүн. Жагсаал бүрийн өмнө Ерөнхий сайд шууд гарч ирэх тийм улс олон биш. Та бүхнийхээ өмнөөс бид хичээж байгаа. Зарим нэг болзошгүй аюулаас урьдчлан сэргийлэх шаардлагатай байсан юм.Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Засгийн газарт чадах чадахгүй зүйл байна. Вакциндаа хамрагдсан та бүхэнд баярлалаа. ОХУ, Украинд хямрал гарч байна. Бензин шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Ийм нөхцөл үүссэнд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Уучлаарай та бүхэн”гэв.
Үүний дагаараар залуус уриа лоозонгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нэгдсэн журмаар гардуулж өгөв. Мөн шаардлагуудаа албан ёсоор гардуулж өглөө.
Тэрээр “Эрхэм залуучууд аа, Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар шатахууны үнийг барих асуудлыг ярьж байна. Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийг түдгэлзүүлж шалгуулах ёстой. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу ялаа авдаг байх ёстой. Залуучууд та бүхэн хамт байгаарай. Авлига, хүнд сурталтай холбоотой асуудалтай хамтдаа тэмцэх ёстой. Бодит үнэнээ хэлэх ёстой” гэлээ.

