Тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин Д. Мэндбаярыг танихгүй хүн үгүй.

1963 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, алтан тайзнаа олон сайхан дүрүүдийг амилуулсан. Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг дэлхийн сонгодог болоод үндэсний 180 гаруй жүжгийн туслах болон гол дүрийг бүтээжээ. Театрын тайзтай ажил, амьдралаа холбосон түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 1981 онд МУГЖ цол, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол олгосон билээ.
Тэрбээр Ховд аймгийн Манхан сумд 1944 онд айлын хоёр дахь охин болж мэндэлсэн. Түүнийг бага байхад аав, ээж нь тусдаа амьдрах болсон тул аав, ахын хамт Улаанбаатар хотод нүүж ирсэн гэдэг.
1959 онд Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хүмүүс Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхэд элсүүлэхээр шалгалууралт явуулж. Ийнхүү Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хараанд өртсөнөөр шалгаруулалтад оролцож, улмаар жүжигчин болох гараагаа эхэлжээ. Ингэж л тэрбээр дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг болсон юм.
Мэргэжлийн гэдэг утгаараа энэ үеийнхэн 1963-1993 онд Монголын төатрын бүх уран бүтээлийг нуруундаа үүрч явсан хүмүүс. 1963 онд театрын тайзаар алхаснаас хойш “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луиза, “Овод” жүжгийн Жемма, “Бөмбөрчин эмэгтэй”-н бөмбөрчин эмэгтэй зэрэг дүрүүдийг бүтээжээ. Театрын тайзнаа гэнэн хонгор, эрх дураараа охин, хайр дурлалтайгаа учирсан бүсгүй, амьдрал үзэж төлөвшсөн гэрийн эзэгтэй, эх орон, нийгмийнхээ төлөө тэмцэж буй хувьсгалч эмэгтэй, ээж, эмээгийн гээд олон сайхан дүрүүдийг бүтээсэн.
Түүний хань Ардын жүжигчин П. Цэрэндагва 1967 онд УДЭТ-т орсон. Тухайн үед ахмад уран бүтээлчид гол жүжигчнээ шинээр ирсэн бандитай нийлүүлэхгүй гээд П.Цэрэндагва гуайг сургуульд оруулж байсан гэдэг. Тэд 1971 онд гэр бүл болсон бөгөөд ханилаад 50-аад жил болж байна. Хүү Ц.Гансэрээ нь “Боловсрол суваг” телевизийн олон ангит “Хайрын эрэлд” киног бүтээсэн. Мөн “Хайр эргэсэн хавар”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг кинонуудыг найруулсан удам залгасан уран бүтээлч билээ.



