Өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсөж байгаад иргэд багагүй бухимдаж байна. Цар тахлын улмаас урд хөрш хилээ хааж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нууц биш. 
Мөн сүүлийн өдрүүдэд Орос-Украины хооронд үүсээд буй асуудлын улмаас барааны үнэ нэмэгдсэн хэмээн багагүй иргэн цахим сүлжээнд бичиж байна.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө үнээ 200-300 төгрөгөөр нэмсэн СҮҮ ХК сав баглаа боодолдоо хэмнэлт хийжээ. Өөрсдийн “Миний монголын сүү” бүтээгдэхүүнээ таглаагүй болгосон байна.
Тус сүү нь өнгөрсөн сард хэрэглэгчдийн гар дээр 3300 төгрөгөөр хүрдэг байсан бол өдгөө 3500 төгрөгөөр хүрч буй.
Сүү, цагаан идээний худалдаа эрхлэгч М “Сүү, тарагны үнэ саяхан 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Оны өмнөхөн 2800 төгрөгөөр ирээд бид худалдааны ашгаа нэмэн 3000 төгрөгөөр зардаг байсан. Нийлүүлэгчийн зүгээс хил хаалттай, сав баглаа боодол авч чадахгүй байна гэсэн шалтаг хэлж байгаа. Сав баглаа боодлоос болоод нийлүүлэлтийн тоо ч багассан” гэв.


