“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг мэдэхгүй танихгүй хүн ховор.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан тэрбээр одоо ч энэ чиглэлээрээ бичдэг, нийтлэдэг. Тэр бүгдийнхээ “горыг” янз бүрийн хэл амаар амсдаг тэрбээр өнгөрсөн цаг хугацаандаа харамсаж байгаагүй гэдгээ хэвлэлд ярьж байсан удаатай.
Энэ тухайгаа тэрбээр “Хаяа өнгөрсөн амьдралаа уут савны ёроолыг эргүүлэн гүвж байгаа мэт бодож суухдаа миний туулсан амьдралд харамсах зүйл байхгүй юм байна гэдэгтээ улам бүр итгэдэг. Ийм бодол тээх бүртээ өөрийгөө азтай эмэгтэй юм байна гэж боддог.
Ялангуяа гэр бүлийн хувьд өөртөө 100 хувь сэтгэл хангалуун. Хорвоод бүсгүй хүн болж төрснийхөө жаргалыг эдэлж хоёр сайхан үр төрүүлсэн. Эмэгтэй хүнийхээ хувьд утга учиртай амьдарч байна гэж итгэдэг. Мэдээж гаднаас харахад хүн өөр л харагддаг байх. Их зоригтой, хүчирхэг гэхээр яагаад тэгж хэлээд байгааг нь ойлгодоггүй. Уг нь би чинь их аймхай хүн. Хүнд амархан итгэнэ.
Тэр чинээгээр хууртана. Хууртахаараа шимширнэ. Залуу байхдаа яг л үхэх шахдаг байлаа. Харин одоо бол дуугүйхэн инээмсэглээд өнгөрч чаддаг болсон. Энэ хорвоод хобби минь мэргэжил болж түүгээрээ ажиллаж амьдарч чадаж байгаадаа бараг 200 хувь жаргаж байна даа, би” хэмээн ярьж байсан удаатай.

