Урлагийнхан дундаа эршүүд, шударга, авьяаслаг хэмээх тодотголтой бүсгүй бол жүжигчин Б.Навчаа. Хэзээнээс өөрийнхөөрөө байдаг, хэлэх гэснээ хэлдэг, бичих гэснээ бичдэг, хийе гэснээ хийдэг тэрбээр Хуульзүйн сайдын “араанд зуугдаж” явсан цаг саяхан.
Тэглээ гээд түүний эр зориг мохоогүй. Харин ч улс төр, урлаг соёл, нийгмийн эрээн бараан бүхнийг өөрийнхөөрөө шүгэлддэг хэвээрээ.
Урлагийн бусад нөхөд шигээ цагааныг харж цагаарч, улааныг харж улаарч явдаггүй тэрбээр өөрийгөө давхар “хор” хийдэггүй гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн.
Харин сүүлийн үед урлагийнхны шахалт, эдийн засгийн хямралаас үүдэн “Яаж ийгээд давхар хорны ажил олж хийхгүй бол дан ганц ариун цагаан хөдөлмөрөөр амьдрана гэдэг худ болжээ” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.



