Өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх “Бэлтэс мөрөн” компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв.
Тус компанийн зүгээс нийгэмд эмх замбараагүй байдал үүссэнд үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдсэн. Гэвч иргэд “Бэлтэс Мөрөн” пээж хуудаст регистр, утасны дугаараа үлдээж “хоргоосоор”. Харин олон нийтэд энэ компани ямар байдлаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг нь тодорхойгүй, асуулт хэвээр үлдсэн.
Тэгвэл өнөөдөр Хөвсгөлийн цагдаагийн удирдлагууд тус аймагт иргэдийн мөнгийг завших үйл ажиллагаа явуулж буй “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг шалгахгүй, нуун дарагдуулж, өөрсдөө тус газарт мөнгөө эргүүлдүүлсэн байж болзошгүй ноцтой үйлдлийн талаар хуульчид мэдээлэл хийхээр болжээ.
Учир нь дээрх хэрэг явдлын дараагаар тус аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж “Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан. Гэтэл өнөөдөр мөнгөө өгсөн иргэд нь мөнгөө өсгөх нь бүү хэл, өгсөн мөнгөө ч авч чадахгүй байгаа нөхцөл байдал үүсээд байгаа. Хэзээ мөдгүй дампуурах шахсан тус компанийн хэд хэдэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан. Үнэн хэрэгтээ огт шалгагдаж байгаагүйг эх сурвалжууд хэлж байна.

