Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог “Чингис Хаан” одонг хүртсэн цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар.
Өдгөө хойд хөршийн 100 гаруй жилийн түүхтэй том театрт гоцлол дуучин хийдэг тэрбээр эзэмшсэн мэргэжилдээ хамгийн сайн нь байхыг хичээдэг гэнэ лээ. Энэ тухайгаа тэрбээр нэгэн хэвлэлд ярихдаа “Би үргэлж өөрийгөө зүлгэж, өнгөлж явах учиртай гэж боддог. Байнга бэлтгэл сургуулилалтаа хийж, тогтмол сайжирч байх учиртай. Амьдрал дээрээ бол аав ээждээ ачлалтай, үрдээ энэрэлтэй, ханьдаа халамжтай байхыг хичээж явна. Намайг найзууд маань, эргэн тойрныхон маань “манлайлагч” гэж хэлдэг юм. Багаасаа л найзуудаа элдэв зүйлд уриалж, зохицуулж, зангидаж явдаг байсан, одоо ч хэвээрээ байх” хэмээн ярьж байсан удаатай.
Тэрбээр одоогоос таван жилийн өмнө М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан, BBC Cardiff Singer of the World зэрэг дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дэлхийн топ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан юм. Тэрбээр дөнгөж 23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байв.
Сонгодог урлагийн сод төлөөлөгч Г.Ариунбаатар монгол дуулаачид дэлхийд гайхагддагийн учгийг тайлахаар, манай улсад сонгодог урлаг ямар өндөр түвшинд хүрснийг үзүүлсээр яваа.

