“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын консерваторийн багш Х.Үнэнхүү. Тэрбээр өдгөө өөрийнхөө авьяаслаг, хөөрхөн охин Ү.Уртнасантайгаа ОХУ-ын нийслэл Москва хотноо аялж яваа аж.
Түүний охин аавынхаа уран бүтээлийн замналыг үргэлжлүүлсэн, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож харуулж байсан. Авьяаслаг концертмейстер Ү.Уртнасан “The Voice of Mongolia” шоуны тайзнаа бүхий л цаг үеийн хит гэгддэг “Hallelujah” дууг дуулж, шүүгч үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж шүүгч Д.Болдын багт орж байсан удаатай.
Авьяаслаг бүсгүй Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2018 онд концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Түүний аав Х.Үнэнхүүг монголын ард түмэн сайн мэднэ. Мөн ээж Ц.Болормаа нь хөгжмийн багш мэргэжилтэй.
Урлагийн гэр бүлд өсч, хүмүүжсэн тэрбээр анх дөрвөн настайдаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарч, “Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхдийн дүрд тоглож байжээ.

