Хүн амын тоогоор метро хот гэгддэг Улаанбаатар хотын дээгүүр аалзны тор мэт хэрсэн кабелийн утас сүлжилдэж харагдах ажээ. Ажилдаг ажилладаггүй нь мэдэгдэхгүй, аюултай аюулгүй нь анзаарагдамгүй энэхүү кабелийн гэрэл зургийг манай сайт онцолж байна.
Цуваа гэрлийн шонгийн монтажны таг онгойсон, алга болсон үед үерийн ус хальж орвол эрсдэл үүснэ. Мөн гэр хорооллын айлууд цахилгаанаа нэгнээсээ дамжуулж авдаг. Ингэхдээ шаардлага хангахгүй буюу хоёр өөр утсыг дур мэдэн холбох зөрчил цөөнгүй гардаг байна. Үүнээс үүдэн бороо орсны дараа цахилгааны утасны залгаас дээр гишгэсэн хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай тохиолдол 2017 онд гарсныг бид мартах учиргүй.
Хүн ам хэт бөөгнөрсөн Улаанбаатар хотын гэр хорооллын зарим гудамж сумын төвөөс ч хөгжил муутай харагдана.
Хотын төвтэй харьцуулахад гэр хорооллын гэрлийн шонд ил өлгөсөн кабелийн утас үзэгдэхгүй ч гэрлийн модон шонгийн нас өвгөрсөн нь илт. Холтос нь наранд хатаж, салхинд хийсч зүлгэсэн юм шиг их бие нь үнсэн саарал болсон “өвгөн” шонгуудын хэд хэд нь “таяг” тулж, хэзээ мөдгүй элгээрээ хэвтэх дөхжээ.