MНПГ-ын ерөнхий прокурор асан, уг албан тушаалаасаа чөлөөлөгдөөд УЕПГ-ын Хөрөнгө оруулалтын албаны дарга гэх ажлыг эрхэлж байсан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурын казиногоос читон хулгайлсан хэрэгт холбогдсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртөөд буй билээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр энэ мэдээлэл цацагдахад тэд хэрэгт холбогдоогүй, Энэтхэг, Солонгост явж байна хэмээн мэдэгдэж байсан ч Сингапурын шүүхээс гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг товлон зарласнаар тэд казиногоос читон буюу мөнгө болох эд зүйл хулгайлсан хэрэгт холбогдсоныг баталчихав.
Ц.Содномдоржийн хувьд нутаг нэгт улсын арслан Х.Мөнхбаатар ийм хов живийн зүйл ярьж байна хэмээн мэдэгдээд байсан. Гэвч Ц.Содномдорж дөрөвдүгээр сарын 8-нд хилээр гарч Сингапурт очсоноосоо хойш Монголд эргэж орж ирээгүй юм билээ.
Тэднийг хэрэгт холбогдсон гэдгийг ГХЯ-ныхан ч өчигдөр баталсан гэхэд хилсдэхгүй.
Тус яамнаас “Манай улсын хоёр иргэний нэг нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон. Хэрэгт холбогдсон нэг иргэнийг Сингапур улсын Казиногийн хэв журмын хяналтын тухай дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Хувь хүний нэр төртэй холбоотой асуудал тул дээрх иргэдийн нэрийг хэлэх боломжгүй. Сингапур дахь Монгол Улсын Консулын газраас хэрэгт холбогдоод буй иргэддээ хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа” гэж мэдээлсэн юм.
Энэ асуудалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор тушаал гаргаж Д.Баярмагнайг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр УЕПГ-ын Хөрөнгө оруулалтын албаны даргын албан тушаалаасаа өөрчлөгдөж, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор гэх ажилд томилогдоод байжээ. Уг ажлаа аваад удалгүй гурван сарын сургалтын чөлөө авч хилээр гарч яваад эл дуулианд холбогдсон аж. Д.Баярмагнайгийн хувьд өмнө нь бас хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байсан тухай мэдээлэл ч бий.