Сүүлийн хэдэн өдрүүдэд их дээд сургуулийн төгсөлтүүд ар араасаа үргэлжилж, өнгө өнгийн үндэсний загвар бүхий дээлтэй бүсгүйчүүд, үсээ гөлчийтөл самнан гоонж өмссөн харчуул хаа сайгүй харагдах болжээ.
Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөх сурагчид, дөрвөн жил их сургуульд сурсан оюутнууд амьдрал гэх их далайд хөл тавихаар “сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн сэтгэл догдлон хүлээж буй.
Гэхдээ эрдэм мэдлэг эзэмшсэнээ тэмдэглэх зорилготой энэхүү баяр асар их зардал, чамирхал, хавтгайрсан архидалт болж өнгөрдөг жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, бага, дунд анги төгсөж байгаа хүүхдүүд хүртэл хонхны баяр тэмдэглэх нэрээр эцэг, эхээ хөөрхөн торгоод авдаг.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 7000 орчим сурагч, 20 гаруй мянган оюутан их дээд сургуулийг төгсөнө. Тэгэхээр 26 мянга гаруй хүүхэд, залуус хонхны баяр тэмдэглэж байна гэсэн үг.
Ковид гээд хоёр жил хонхны баяр завсарласан ч, эдийн засгийн хямралтай энэ үед иргэд хамгийн ихээр хямарч, тэдний гар дээрх мөнгө улам багасаж байгаа. Гэтэл хонхны баярт зарцуулах мөнгө нь улам л нэмэгдсээр.
Боломжтой айлд бол хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэхэд гаргах мөнгө асуудал биш. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн амын дийлэнх олонх жирийн иргэдийн хувьд хонхны баяр эдийн засгийн дарамт, амаргүй даваа. Гэсэн ч аав, ээжүүд зээл авч, наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад баяраар хэрэглэх мөнгийг нь гаргах нь гарцаагүй.

