Монгол залуусыг гадаадад хараар ажиллаж зовж, зүдэрч байгаа талаар ярьж, бичихээс биш эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж суу алдар хүртэж, олон түмний бахархал болохоор ажиллаж, амьдардаг залуусын тухай бид төдийлөн мэддэггүй.
Монголчуудын бахархал, омогшлийг төрүүлэхүйц авъяаслаг залууг Баттогтохын Баттулга гэдэг. 38 настай тэрээр 1000 гаруй ажилчин, 250 орчим жүжигчинтэй АНУ-ын “Gold show end Mr. Power” циркийн жүжигчин. Тэрээр хүч тамирын үзүүлбэрээрээ олон орны үзэгчдээс алга ташилт хэмээх “авлигагүй үнэлгээ”-г авч олон хүнийг алмайруулсаар яваа нэгэн.
Тэгвэл тэрээр “Авьяслаг Англичууд” шоунд оролцож үзэгч шүүгчдийн нүдийг орой дээр нь гаргасан байна.
Таван метр урт, 34 килограмм гуалингаар галтай үзүүлбэр үзүүлж, хүмүүсийн сэтгэл, зүрхийг хөвсөлзүүлэх болсон байна.
Циркчин Б.Баттулгын хувьд гимнастик, балет гэх мэт спорт, урлагийн өвөрмөц олон төрлөөр хичээллэж байсан хөвгүүн ийн алдрын зэрэгт хожим хүрнэ хэмээн хэн санах билээ. “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” насандаа тэр юм юмыг сонирхож тухайн үедээ амжилтад хүрч явсныг нь найзууд, хамт олон нь бэлхнээ мэднэ. П.Баттогтохын хүүгийн авъяас “тэсэрч” нэг л өдөр Монголчуудын мөрөөдөл болсон АНУ-д хэдэн жил ажиллаж, амьдраад төд удалгүй “од” болж байсан.
Б.Баттулгын хувьд 1984 онд Дорноговь аймгийн Сайншандад төрсөн, айлын ууган хүү бөгөөд 1995 оноос спортын гимнастикаар хичээллэж, 2002 онд Монголын гимнастикийн холбооны тамирчин болж байжээ. Тэрбээр 2005 онд БХИС-иас зохион байгуулсан “Армийн аварга” шалгаруулах гимнастикийн тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн болсон. Мөн энэ үедээ балетаар хичээллэж, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Родбартын дүрд шинэ маягийн жүжигчин болж бүжиглэж, МҮОНТ-д нэвтрүүлэгт оролцож, найзуудынхаа нүдийг “орой дээр” нь гаргаж байсан гэдэг.

