Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджавыг зохиол бүтээлээр нь таних хүн олон.
Өдгөө 70 нас руу дөхөж яваа эрхэм зохиолч Д.Цэнджав “Утгын чимэг” богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэгүүдээрээ тэргүүлж байсан. Түүний “Чонын алтан шагай” роман хэдийнэ телевизийн бүрэн хэмжээний цуврал кино болсон бол, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”, “Хөх жавар”, “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу”, “Мянган цэн үг”, “Он цагийн шастир”, “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран” зэрэг өгүүллэг, тууж, эсээ, роман, рубайн төрлөөр олон арван ном хэвлүүлжээ.
Түүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Үндэсний номын өдрөөр манай папараци дуран хараандаа буулгав.
МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч Д.Цэнджав 2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд, 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү” эсээ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал тус тус хүртэж байсан нэгэн юм.

