Өнгөрсөн оны трэнд дуунуудын нэг болох “…Сэтгэл санаа тайван Өглөө сүүтэй цайтай цуйван Амьдрах ер нь сайхан Өгзөг шигдэж ордог буйдан…” гэсэн үгтэй дууг сонсоод уншигч танд реппер Desant, дуучин Jason нар санаанд ордог уу.
Залуусын нэг үеийн төлөөллийг илтгэх тус уран бүтээл бол зөвхөн 1980-аад оныхныг өгүүлдэггүй, монголчуудын амтархан иддэг “хоносон” цайван дээр сүүтэй цайны зохилдолгоог мөн өгүүлдэг билээ. Бараг л энэ дуугаараа олонд илүү танигдсан дуучин Jason номын баярт унадаг дугуй жийж ирснийг манай сайт дурандаа буулгажээ.
Дуучин Jason буюу жүжигчин Б.Баяржавхлан мэргэжлийн жүжигчин учраас ном их унших нь мэргэжлийнх нь онцлог гэхэд болно.
Гэвч тэрбээр тус номын өдөрлөгөөс хайсан номоо олсон эсэх тодорхойгүй.
Тэрбээр олонд танигдахаасаа өмнө УДЭТ-ийн тайзнаа жүжиглэж байсан, мөн “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан удаатай. Түүний амьдралын зам дардан байгаагүй бөгөөд хайртай дуртай мэргэжлээ орхин БНСУ-д хар ажил хийж байсан түүх түүнд бий. Эргэн ирсэн даруйдаа дуулж эхэлсэн гэдэг.
Jason нэрээр олон танигдсан тэрээр 2012 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн. Улмаар урлагийн гараагаа УДЭТ-аас эхлүүлж, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Найрын ширээний ууц” “Ээжээ”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр”, “Учрал” “2000” зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үргэлжлүүлсэн. Жүжиглэхийн хажуугаар R&B, поп чиглэлээр дуулчихна. Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад үл андах “Тоонот” студийн дөрвөлийн нэг гээд насандаа баймгүй амжилттай карьер хөөж яваа хөдөлмөрч залуу юм.




