Монголын хошин урлагийн энэ цагийн томчууд гэгддэг МУГЖ М.Баярмагнай, Л.Баттулга нар өдгөө “луйвар” хийж амьдрахаар шийдсэн бололтой.
Тухайлбал, М.Баярмагнай хүний тоо хязгааргүй 20 мянган төгрөгийн сугалаа явуулж, “супер азтан”-даа приус 41 маркийн автомашин, удаах азтандаа идэшний үхэр зэргийг өгч байгаа гэх.
Өнөөдөр тэрбээр хоёр дахь азтанаа тодруулахаар зэхэж байгаа.
Тэгвэл М.Баярмагнайгийн араас МУГЖ Л.Баттулга буюу Аглуу хөөрөгний азтан тодруулахаар шийдэж, нэг сугалаагаа 50 мянган төгрөгөөр үнэлжээ.
Мөн л хэдэн төгрөгийн үнэтэй хөөргийг, ямар хөөргийг хэдэн хүний сугалаагаар явуулах гэж байгаа нь тодорхой бус.
Тэдний үйлдэж буй “Цахим сугалаа” гэх энэ үйлдэл нь луйвар гэдгийг хууль хяналтынхан хэлдэг. Гэвч иргэдэд буруу үлгэр үзүүлж, нэгнээ хуурч мэхлэх хэлбэртэй тус луйврын эсрэг цагдаа нар юу ч хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэр тусмаа иргэдэд нөлөөлөх чадвар, нэр хүндээрээ алдартай хүмүүс ийм зүйл хийж байна.
Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.
Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж байна.
Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь иргэн та хянах боломжгүй гэдгийг онцлон дуулгая.
Ямартаа ч, хошин урлагийн томчуудад “луйвар” хийж хоолоо олохоос өөр арга алга бололтой.


1 сэтгэгдэл
ichij amidraasai ene jjujigchid……