.Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ
Ээ дээ, миний энхрий
Эелдэг дөлгөөн бүсгүй минь
Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ….
“Хурд” хамтлаг “Бүсгүй”
…Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
“Хурд” хамтлаг “Аавдаа би хайртай”
…Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа…
“Хурд” хамтлаг” – “Буцааж нэхэхгүй хайр”
Дээрх дуунуудын шүлгийг уншихад шууд таны аманд аялагдаж, чихэнд сонсогдож байгаа биз. Эдгээр болон бусад олон дууны шүлгийг бичсэн эрхэм бол МУСГЗ, Яруу найрагч Хайдавын Чилаажав юм.
Тэрбээр монголчууд бидний зүрх сэтгэлд үргэлж дуулагдаж байдаг олон сайхан дууны шүлэг бичсэн. Тэр дундаа “Хурд” хамтлагийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх.
Тэрээр энгийн даруухан хүн бөгөөд түүний өмнөөс уран бүтээлүүд нь түүнийг хэр чансаатай найрагч болохыг өгүүлэх мэт үеийн үед хит дуунууд болсоор эгшиглэсээр байна.




