Хэсэг хугацаанд завсарласны дараа “Харьцуулалт” булан маань эргэн ирж байгааг дуулгахад таатай байна. Энэ удаагийн дуугаар “Хайрт минь билээ чи” дууг онцлож байна.
Хонхны дуугаараа ард түмнийг ардчилалд уриалан дуудаж, сэрээсэн хамтлаг бол домогт “Хонх” хамтлаг юм. “Хонх” хамтлагийн амин сүнс, алтан гишүүдийн нэг нь бол дуучин, сэтгүүлч, улс төрч Сосорбарамын Цогтсайхан юм. Тэрээр олон сайхан дууны уран бүтээлтэй нэгэн. Түүний үг, аяыг зохиосон “Хайр минь билээ чи” дуу тухайн цаг үедээ хит болж байсан бол залуучууд сэргээн дуулж дахин хит болж байна.
“Хонх” хамтлаг бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагт гарч ирсэн нэгэн шинэ үзэгдэл байсан гэж дүгнэж болно.
“Хонх” хамтлаг “Хайр минь билээ чи”
Сайн дуу цаг үе улиран өнгөрсөн ч залуу үеийнхээ дуу хоолойгоор дахин амилдаг билээ. Түүний нэг жишээ бол реппер Галт өөрийн мэдрэмж, өнгө аясаар “Хайр минь билээ чи” дууг шинэчлэн дуулсан байдаг. Хип хоп нэг хувилбар нь гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр өөрийн үгээ, уг дуутай хослуулан шинэ хувилбар гаргасан юм.
Галт “Хайр минь билээ чи”
“Хайр минь билээ чи” дууны эмэгтэй хувилбар одоогоор “EGO” хамтлагийнх байна. Бүсгүйчүүдийн нандин мэдрэмжээр хамтлагийн гурван гишүүн уг дууг амилуулжээ. Энэ дууг ямар ч насны, ямар ч хүйсний хүн дуулж болно гэдгийг харуулах нэгэн хувилбар болсон юм.
“EGO” хамтлаг “Хайр минь билээ чи”
Энэ дууны анхны хувилбарын дараа хамгийн их хүнд хүрсэн хувилбар бол яалтчгүй жүжигчин, реппер Jason буюу Б.Баяржавхлангийн хувилбар юм. Уянгын дууныг хашраадаг тэрээр “Амьдралын урт замд” кинонд уг дууг дуулсан нь олон залуучуудыг энэ дуунд дахин дурлуулсан юм.
JASON “Хайр минь билээ чи”
Бүх цаг үеийн эмо хайрын дуунуудад зүй ёсоор орох “Хайр минь билээ” дууг коверлож дуулсан залуучуудын бичлэг сошиал орчинд маш их байна. Хүн бүр өөр өөрийн мэдрэмжээр амилуулжээ. Харин мэргэжлийн уран бүтээлчдээс хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.