Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт “Дашваанжил” ХХК-ийн 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Дэлбэрэлтийн үеэр Баянзүрх дүүргийн гал унтраах аврах 63 дугаар ангийн гурван албан хаагч нас барж, 60 айлын орон сууц руу гал тархсан учраас айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна.
Гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан бөгөөд цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Дэлбэрэлтийн улмаас газ тээвэрлэж явсан машины ёонкс 40 метрт шидэгдэхэд харамсалтай нь гурван албан хаагч өртөж амиа алдлаа. 11 иргэн Гэмтэл согог судлалын төв болон түлэнхийн эмнэлэгт хүргэгдсэн. Галд өртсөн өрхүүдийг ойролцоох буудалд байрлуулж хүнсээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 120 гаруй албан хаагч 25 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраасан. Ойр хавьд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна.