Дуу гэдэг өөрийн гэсэн амьдрах, дуулагдах, мартагдах эргэн сэргэх цаг хугацаатай гэдэгт итгэдэг. Сүүлийн үед хүн бүр амандаа аялаж байгаа дууг “Харьцуулалт” булан энэ удаа онцлож байна. Энэ бол “Хэн нэгний хайр” дуу юм.
Энэ дуу уран бүтээлийг хамгийн анх “Хар чоно” хамтлаг дуулж, төдийгөөс өдий хүртэлх олон уран бүтээлчдийн дуулахыг хүсдэг дууны нэг болгожээ. 1992 онд Японы Yamaha Music Foundation-оос зохион байгуулсан “Music Quest- 92” Дэлхийн хөгжмийн наадамд Монголын “Хар чоно” хамтлаг оролцсон юм. 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын “Yamaha Resort”-д болсон “Music Quest- 92” Хөгжмийн наадмын финалд таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын “Хар чоно” хамтлаг байлаа. Тэдний олон хит дуунуудын сор нь “Хэн нэгний хайр” юм.
Хар чоно хамтлаг-Хэн нэгний хайр
Уг уран бүтээлийг орчин үеийн залуучуудад дахин таниулж, өөрийн гэсэн өнгө аястай дуулсан хамтлаг бол “Outlaw” юм. Эрдэнэт хотын гаралтай уг хамтлаг “Хэн нэгний хайр” дууны remix хувилбарыг гаргаж “Thank you Outlaw” цомогтоо оруулсан байдаг. “Хар чоно” хамтлагийн “Хэн нэгний хайр” дууны дахилтыг яг хэвээр нь дуулж, бадгуудыг өөр өөрсдөө зохиосон байдаг.
Outlaw хамтлаг-Хэн нэгний хайр
Дуу гэдэг шинэ эзэнтэй учрах бүрдээ дахин шинээр төрдөг гэмээр. “Хэн нэгний хайр” дууг дахин амилуулж найман настнаас наян настны чихэнд хонх адил уяж чадсан хувилбар бол Дуучин Агиймаагийн хувилбар юм. “Надад ирээгүй хайр” киноны дуу болгон дуулсан түүний энэ хувилбар хамгийн сүүлийн хувилбар бөгөөд магад хамгийн олон хүн сонссон нь байх. “Надад ирээгүй хайр” олон ангит кино үзэгч түмний сэтгэлд хүрч байгаагийн адил уг дуу уран бүтээл ч тэр хэрээр залуучуудад хүрч байгаад баяртай байна.
Дуучин Агиймаа- Хэн нэгний хайр
“Хэн нэгний хайр” дууны шүлгийг Хар чоно хамтлагийн Д.Ганзориг, аялууг Хар чоно хамтлагийн Д.Отгонбаяр зохиожээ.
Хайрын олон өнгийн нэгийг илтгэх хүний сэтгэлд нэг сонсоод л хүрэх уг уран бүтээлийг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

