Хүүхдэдээ санаа тавьдаг эцэг эхчүүд хүүхдүүд нь том болоод амжилттай, аз жаргалтай, баян чинээлэг амьдраасай гэж хүсдэг. Үүний тулд хүүхдийг өдөр шөнөгүй хичээл хийлгэж, амралтын өдрүүдэд янз бүрийн дугуйланд явуулдаг байх шаардлагагүй юм. Харин хүүхдэд багаас нь санхүүгийн болон амьдралын зөв хэвшил суулгах нь илүү чухал юм шүү.
Энэ удаа танд хүүхэд тань санхүүгийн хувьд зөв ойлголттой, биеэ даасан хүн болж өсөхөд нь тус болох энгийн боловч үр дүнтэй зөвлөгөөг танилцуулъя. Хүүхдийг хариуцлагатай хүн болгох Хүүхдийг загнаж зэмлэхийн оронд өөрөөр нь алдааг нь засуулж сургах хэрэгтэй. Хүүхэд тань тавгаа хагалсан бол шүүр өг, шалан дээрээ будаг асгасан бол алчуур өг. Нэгдүгээрт та ийм байдлаар аливаа юманд болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг ойлгуулна.
Хоёрдугаарт хүүхдээ хариуцлагатай болгож сургана. Хүүхдээ мөнгө цуглуулж, хадгалж сурга Том хүмүүс машин, байр болон амралтанд зориулж мөнгө цуглуулан хадгалдаг шиг хүүхэд ч гэсэн өөрийн хэрэгцээт зүйлээ авахын тулд мөнгө цуглуулж сурах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ хамтарч мөнгө хадгалах тусгай зорилго бүхий сав гарга.
Жишээ нь энэ нь үнэтэй ямар нэг тоглоом юм уу дугуй авах мөнгө цуглуулах сав байх гэх мэт. Санхүүгийн аливаа асуудлаа шийдэхдээ хүүхдээ оролцуулах
Мэдээж хүүхэд байр орон сууц авах болон зээл төлөхөд тус болж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ нилээд том зардал гарах зүйл болох дэлгүүрээс элдэв юм авах, амралтын өдрүүдээр амрах зэрэгт зарах зардлыг хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.
Худалдаж авах зүйлийнхээ үнэ, түүний шаардлагатай эсэх, орлуулж болох зүйл бий эсэх талаар ярилцаж болох юм. Мөн үүнээс гадна гэр бүлийн төсвийн тухай асуудалд хүүхэд оролцох нь зөв бөгөөд ийм байдлаар тэр гэр бүлийнхээ орлого болон чухам юунд мөнгө зардаг тухай ойлголт авна. Ингэснээр гэр бүлийн мөнгө гэдэг дуусашгүй зүйл биш, зүгээр олддог юм биш гэдгийг ойлгуулж, мөнгө хэмнэж, мөнгөө цаашдаа зөв зарцуулдаг болоход тустай.
Хүүхдэд муу, муулсан зүйл хэлэхгүй байх
Эцэг эхчүүд хүүхдээ “юу ч хийж чадахгүй”, “маш залхуу”, “цэвэрлэгч байхдаа таарсан амьтан” гэх мэтээр хэлэх нь зөндөө л сонсогддог. Иймэрхүү “таагүй магтаалын” дараа хүүхэд өөртөө итгэлгүй, хэтэрхий их айдас, ичгүүртэй хүн болж өсдөгт гайхах хэрэг байна уу?
Хоёр дахь анхаарах зүйл бол “мөнгө байхгүй”, “цэвэр шударгаар мөнгө олох боломж үгүй”, “баячууд бүгд луйварчид, хулгайчид”… гэх мэтийн үгс.
Ирээдүйд баян болох боломжгүй гэж ойлгосон хүүхэд баян болох гэж зүтгэх үү?
Хариулт нь ойлгомжтой. Хүүхдийг магтаж түүний сайн сайхан талыг нь аль болох дэмжиж байх нь зөв. Амжилт гаргасан хүмүүсийн тухай, тэдний амьдралын замналын тухай хүүхдэдээ ярьж өгч бай. Хүүхдэдээ аливаа хүссэн зүйлийнхээ төлөө тэвчээртэй тууштай зүтгэж чадвал зорьсондоо хүрнэ гэж урам зориг өгч бай.
Хүүхдээ зөв магт
Хүүхдийг ямар нэг зүйл хийж чадсанд нь төдийгүй хийх гэж оролдож байгаад нь ч гэсэн магтаж урам зориг өг. Жишээ нь шалгалтанд онц дүн авсанд нь магтах төдийгүй тэр шалгалтанд сайн бэлдсэнийх нь төлөө магт. Ингэж байж хүүхэд тань хөдөлмөр зүтгэл нь ч бас магтаал хүртэх эрхтэй зүйл гэдгийг мэдэж авна.
Энэ нь түүний ирээдүйн амьдралд ихээхэн тус болох мэдлэг бөгөөд амьдралд тодорхой үр дүн мөд гарахгүй ч ихээхэн зүтгэх шаардлагатай зүйл олон гарна. Хүүхдийн бие даах гэсэн оролдлогыг нь дэмж Хэт их анхаарал, халамжинд байсан хүүхэд өөртөө итгэлгүй хүн болж болох ба түүнд байнга л ямар нэг тусламж хэрэгтэй, тэр өөрөө бие дааж ямар нэг зүйл хийх чадалгүй гэж багаас нь ойлгуулсан учир ингэх нь ч аргагүй юм.
Хэтэрхий их халамжаар та хүүхдийн шинэ зүйлийг мэдэх, оролдоод үзэх гэсэн хүсэл, бүтэлгүйтлээс болж бууж өгөхгүй байх гэдэг хүсэл эрмэлзлийг нь үгүй болгож байгаа юм. Зарим эцэг эхчүүд хүүхдийн бие даасан үйл ажиллагааг зөв үнэлж чаддаггүй. Хүүхэд хийж чадах зүйлийг та өмнөөс нь бүү хий гэдэг дүрмийг тогтоож ав.