Интернэт ертөнц хөгжсөнөөр олон давуу тал бий болсон ч тэр хэмжээгээр сөрөг зүйлс цэцэглэж байна. Фэйсбүүкд арилжааны зориулалттай хуудсууд нэмэгдсэнээр дагагчдын тоог өсгөх гэсэн улайрал хэрээс хэтэрч гэм зэмгүй нэгэн хүүгийн бичлэг, зураг ашиглагдсан нь харин эсрэгээрээ түүнд олон боломжын үүд хаалгыг нээжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонд танигдаад буй О.Осоржамаатай уулзаж ярилцлаа.
О.Осоржамаа: Дахиж доог тохуу болмооргүй байна
Сайн байна уу? Осоржамаа гэх хүү сүүлийн үед интернэт ертөнцийн хүн бүрийн анхаарлын төвд байна. Осоржамаа гэж чухамдаа хэн бэ?
Би 1994 онд Төв аймгийн Эрдэнэсант сумд төрсөн. Аавыгаа ямар хүн байдгийг нэрийг нь ч мэдэхгүй. Нас барсан л гэж ярьдаг байсан. Ах дүү байхгүй ээ. Намайг төрүүлсэн хүнийг Ичинхорлоо гэдэг. Намайг бага байхад Оюунчимэг гэдэг хүнд өргүүлсэн. Оюунчимэг эгчээр овоглодог. Би цэцэрлэгт явж үзээгүй. Эрдэнэсантын 1-р ангид элсэж ороод 5-р анги хүртлээ суралцаад сургуулиасаа гарсан. Дараа нь хөдөө Төвхөн хийд хавиар айлын мал хариулж амьдарч байгаад Оюунцэцэг эгчийнх Хархорин руу нүүхэд нь араас нь яваад очсон. Оюунчимэг эгчийн танилууд Даариймаа, Равдансүрэн нар сургуулийн хүмүүстэй ярилцаж Хархорины 10 жилд оруулсан. Би энэ хүмүүст ёстой баярлаж явдаг. Би 9 жилийн боловсролтой. Бичиг үсэг тайлагдсан. Урлаг, уран зохиол, түүхийн хичээлдээ дуртай байсан.
Бага насныхаа амьдралын дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач.
Айлын мал хариулдаг байсан болохоор ганцаардах мэдрэмж их төрж өөрөө өөртэйгөө их ярьдаг байсан. Хамгийн анх нэг эгч морь унаж сур гээд дааган дээр мордуулсан чинь унаж билээ. /Инээв/ Хүмүүсийн ард сундалж явсаар морь унаж сурсан. Би Хархорины автын Батсүх гээд цагдаа ахынд хурдан морь унадаг байсан. Батсүх ахад морио унуулдаг байсанд нь их баярладаг. Хүүхэд насны маань хамгийн сайхан дурсамж бол Хархорины 10 жилийн 5б ангид сурч байсан үе маань. Тэр үед наадамд түрүүлээд олон хүмүүс намайг хүрээлж авч баяр хүргэж барьж авч үнсэж байхад хэзээ ч төрж байгаагүй мэдрэмж төрж байсан. Наадамд түрүүлж айрагдах бүрд минь Батсүх ах болон бусад хүмүүс надад мөнгө өгдөг байсан. Тэр мөнгөөрөө хичээлийн хэрэгсэл, шинэ хувцас худалдаж аваад намар сургуульдаа явах ёстой сайхан. Ангийн хүүхдүүд чи наадмаар хэд түрүүлсэн тэ гээд яриад л гоё байдаг байсан. Бас хүмүүс хувцас хунараа өөрөө авчихдаг сүрхий хүү шүү гэж ярихыг сонсоод их урамшдаг байсан. Хархориныхон намайг хурдан морь унадаг гэдгээр нь андахгүй.
Чи өмнө нь өгсөн ярилцлагадаа ээж аав нас барсан гэж ярьсан байсан. Зарим хүмүүс харин ээжийг чинь байдаг гэж ярих юм билээ.
Намайг 12 орчим настайд айлын хүмүүс өргөмөл гэдгийн хэлсэн ч би хүүхэд байхаасаа л өргөмөл гэдгээ мэддэг байсан. Манай ээж гэж Ичинхорлоо гэдэг хүн бий. Би ухаан орсон хойноо ээж дээр очих бүрд минь яаж амьдрах чинь надад хамаагүй, чамайг үхчихсэн байсан ч хэн ч чамайг эрж хайхгүй гээд л элдвээр хэлж зоддог байсан. Ээжтэй суусан хүнийг сайн хүн гэж би боддог. Архи, тамхи ерөөсөө хэрэглэдэггүй. Харин тэр хүнийг зөөлхөн болохоор ээж заримдаа бүр аашилж зоддог. Тэр ах надтай юм яриад байдаггүй хаяа бага сага мөнгө өгдөг байсан. Айлд өргүүлчихээд яав ийв гэж нэг ч удаа асууж байгаагүйд нь их гомддог. Би хонинд явж байхдаа яагаад намайг айлд өргүүлсэн юм бол доо гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Хожим том болоод үнэхээр хэцүү хүнд байсан болоод л өргүүлсэн байх гэж боддог болсон. Харин дээр ээжийгээ нас барсан гэж ярилцлага өгөөд дараа нь их харамссан. Намайг нэг ч удаа гэж байгаагүй ш дээ гэж бодоод, миний сэтгэлд үхсэнээс ялгаагүй байсан болохоор гомдсондоо тэгээд хэлчихсэн юм. Дараа нь яах гэж тэгэж хэлэв дээ гэж бодож их шаналсан.
Хэзээнээс фэйсбүүк ашиглаж эхэлсэн бэ?
Би хөдөө ТВ5-р анх хараад л сурчихсан. Тэгээд судалж байгаад өөрийнхөө амьдралын тухай бичээд хүмүүсээс мөнгө гуйсан. 2 хүн надад мөнгө өгсөн нийлээд хорин мянган төгрөгтэй болоод хот уруу явъя гэж шийдсэн. Жаахан сэргэлэн зан гаргачихсан юм л даа.
Өргөж авсан айлийн хүмүүс хэр ханддаг байсан бэ?
Намайг өсгөсөн ганц хүн бол Оюунчимэг эгч. Хувцаслаж, хооллодог байсан. Намайг хотруу явахад хүний газар биеэ хичээж яваарай, зөв яваарай гэж хэлсэн. Надад энэ нь одоо ч гэсэн бодогдож байдаг. Гар дээрээс шорлог зарах нь хууль бус учраас хэд хэдэн удаа баригдсан. Шорлогны л асуудал байдаг болохоос муу муухай юм хийж яваагүй ээ.
Мөнгийг нь яаж шилжүүлж авсан юм бэ?
9-р ангидаа ажил хийдэг байсан болохоор цаашид хэрэг болно гээд данс нээлгүүлчихсэн байсан. Өргөж авсан эгч сайн яваарай гэж хэлсэн. Би хүний өгсөн 20.000 төгрөгнийхөө 17300 төргөгөөр автобусны билет аваад үлдсэн мөнгөөрөө замдаа хоол авч идээд Улаанбаатар хотод 500 төгрөгтэй бууж байсан. Хотод ирээд 6 жил болж байна. Миний анх буусан газар Драгон.
Хотод ирээд хаана амьдарсан бэ? Таньдаг айл байсан уу?
Надад очих айл байгаагүй ээ. Драгон хавиар 2 хоног орчим явж, орцонд хонож дотроо уйлж байсан ч хөлөө олохоор Хархорин захтай танилцаж хүмүүсээс ажил хайж явсаар хуушуур зарах ажил олсон. Тэгэхдээ 15 хоног орчим л зарсан байх. Тэгсэн нэг эгч хуушуур зардаг хүүхдүүдээс гэрт байрлаад шорлог хийгээд зарах хүүхэд байна уу гэж асуусан. Би утасных нь дугаарыг тэмдэглэж аваад Гансүх эгчтэй танилцсан. Үүнээс хойш өнөөг хүртэл шорлогоо зарж байна даа. Эгч 4 хүүхэдтэй ч намайг өдий болтол гэртээ байлгаж шорлог хийлгүүлж байсанд баярладаг. Дараа нь би нийтийн байр түрээсэлж гарсан ч төлбөрийг нь дийлэхгүй хөөгдчихсөн. Би өөрөө хичнээн ядуу ч гэсэн бусад хүмүүсийг баярлуулах юмсан гэж боддог. Бүүр ядарсан хүнд юм авч өгөх ч юм уу. Халуун наранд уух гэж байсан ундаагаа хүүхдэд өгөх ч юм уу. Нэг удаа айлийнхаа эгчийг нэг удаа ч гэсэн баярлуулах юмсан гээд төрсөн өдрөөр нь торт авч өгч байсан. /Инээв/ Та торт авч өгсөнийг нь битгий бичээрэй. Өөр юм авч өгч чадаагүй юмаа.
~ Анхны бичлэг үсний тухай байсан ~
Хамгийн анх бичлэг хийх санаа яагаад төрсөн бэ?
Хотод ирээд ажил хийж мөнгө олоод өөртөө анхаарал тавья гэж бодсон. Үсээ будуулж, янзлуулсан чинь нэг сонин өнгө орчихсон. Салхитай шороотой үед гадаа зогсохоор үс арзайчихна. Хүмүүс миний хажуугаар өнгөрөхдөө үсний минь тухай яриад байдаг байсан. Энэ хүүхдийн үсийг ээ, яаж будсан юм бол, ямар сонин өнгөтэй юм гээд л. Зарим хүмүүс үсээ угаагаачээ, тослогдчихсон байна ш дээ гээд л… Тэгэхээр нь би үнэхээр ичсэн. Хүн бүрт тайлбарлах аргагүй болохоор анх бичлэг хийх санаа төрсөн. Өөрийгөө зөвөөр ойлгуулчих юмсан л гэж бодсон. Хамгийн анхны бичлэг маань үсний тухай байсан.
2 дахь бичлэгийнхээ тухай яриач.
Эхний бичлэгийн дараа би аймаар гайхсан. Миний бичлэгийг олон хүмүүс үзэж бас дооглож, доромжилсон байсан. Хүмүүс дооглоод байхаар нь 2 дахь бичлэгээ “Залруулга” гэсэн бичигтэй хийсэн. Би ойлгох нэг нь ойлгоод. ойлгохгүй нэг нь чөтгөр рүүгээ тонил гээд хэлчихсэн юм. Тэр видеог таслаад авъяаслаг монголчууд шоуны шүүгч Чимгээ эгч Рокет бай шүүгчийн бичлэгтэй нийлүүлээд эвлүүлчихсэн байсан. Бүүр өөрийгөө авъяаслаг монголчууд шоунд орцон юм шиг санагдтал хийсэн байсан. Ингэж л бичлэг эвлүүлж болдгийг мэдсэн. Үүнээс хойш фэйсбүүкд зураг оруулахаар л хүмүүс энд тэндгүй эвлүүлж шоглоод байдаг болсон.
Осоржамаагийн найз охин гээд зураг яваад байсан. Найз охинтой юу?
Энэ бас түүхтэй. /Инээв/ Бид нар өөрсдийгөө шорлогийнхон гэдэг юм. Шорлогийнхон амралтанд явж бөөнөөрөө зураг даруулсан. Тэр үеэр шорлог зардаг нэг таньдаг охинтой даруулсан зургийг зарим пэйжүүд тавьсан байна лээ. Зүв зүгээр байгаа хүмүүсийг холбоод байхаар нь инээд хүрсэн. Ер нь муу зүйлийг тоохгүй өнгөрөөх шиг сайхан зүйл байхгүй гэж боддог. Өвөрхангай аймагт тогоочоор сурч байхдаа анх найз охинтой болж байсан. Тэгэсхийгээд салсан. Өөрийгөө яая гэж байж юун найз охинтой болох.
Гоо сайхны тухай юу гэж боддог вэ?
Таныг юу асуух гэж байгааг би сайн мэдэж байна. Зарим хүмүүс намайг нүүрээ будахаа л байчих гээд байгаа. Би гадаа байнга зогсдог болохоор арьсаа хамгаалж нарны хамгаалалтай крем түрхчихдэг юм. Хөмсөгний хувьд бол би угаасаа урд талаараа хөмсөггүй шахуу. Хотод орж ирээд шивүүлчихсэн юм. Хөмсөгтэй болох гэсэнд юу нь буруу байнаа?
СИТИ их сургууль жүжигчний ангидаа урьсаныг хэрхэн хүлээж авсан бэ?
Тэр сургуулийн жүжигчний тэнхимийн зарим багш, удирдлагууд news.mn дээр гарсан жүжигчин болохыг хүсдэг гэсэн ярилцлагыг минь хараад надад боломж олгох ёстой гэж үзсэн юм шиг байна лээ. Би амьдралдаа их сургуульд суралцана, урилга авна гэж зүүдлээ ч үгүй. Маш их сандарсан. Үнэхээр миний хүсэл мөрөөдөл бол жүжигчин болох. Урилга авчихаад намайг доромжилж дооглоод байгаа хүмүүст хандаад жаахан сагсуудуу бичлэг хийчихсэн. Бас VTV-д өгсөн ярилцлагыг тасдаад интернэтэд тавьчихсан байсан. Би асуусан асуултанд нь л хариулсан. Би шулуун зантай. Үүндээ ч эмзэглэдэггүй.
Жүжигчин болох чин хүсэлтэй гэсэн. Ямар жүжигчинд дуртай вэ?
Би жүжигчин Бооёо ахад дуртай. Интернэтээр залуусын хийсэн хошин бичлэгийг их үздэг. Намайг хүмүүс инээдтэй байна. Чи хошин бичлэг хийгээч гэдэг байсан. Дараагийнхаа бичлэгүүдийг хүмүүст инээд бэлэглэе гэж бодоод өөрийнхөө хэмжээнд хошин маягтай хийсэн.
Сургуульдаа суралцах уу?
Сургуулийн захирал нь намайг хүний ёсоор урьж сургууль, багш нартайгаа танилцуулсан. Ёстой гоё сургууль байна лээ. Би 9 дүгээр анги л төгссөн болохоор жинхэнэ оюутан болж чадахгүй юм байна лээ. Элсэлтийн ерөнхий шалгалт гэж ч байдаг юм байна. Тийм болохоор намайг дээд сургуулийн дипломтой төгсгөх гэсэн биш, харин хүсэл мөрөөдлийг минь биелүүлж жүжигчний мэргэжилтэй болоход минь туслах гэсэн юм байна. Зүгээрээ, надад жүжигчний мэргэжилтэй л болж байвал тэр диплом миплом ер чухал биш. Намайг дээд боловсролтой болчих нь гэж атаархаад, доромжлоод байгаа хүмүүст хандаж тайван бай гэж хэлье. Сургуульд сурна гэж баярлаад уран зохиолын ном уншъя гэж бодоод хуучин ном гадаа зардаг хүмүүсээс ном асуудаг болоод байгаа.
~ Би ямарч пэйж хуудас ажлуулж хандив цуглуулаагүй ~
Фэйсбүүк дээрээ яагаад идэвхигүй болчихсон юм бэ?
Би сайн бодсон. Хүний элэг доог болсон бичлэг дахиад хийхгүй. Нэг хэсэгтээ фэйсбүүк ашиглахгүй гэж бодож байгаа. Би одоо өөрийгөө хүндэлмээр байна. Миний нэртэй олон хуурамч хаяг байна гэж сонссон. Бас миний нэрээр хандив цуглуулж байна гээд банкны данс яваад байгаа юм шиг байна лээ. Би хүнээс мөнгө гуйгаагүй. Би биш шүү гэж хэлмээр байна. Сонгуульд хэнийг дэмжихээ яриад өгөөч мөнгө өгье гэсэн санал ирсэн. СИТИ-ийн багш надад залуу хүн итгэл үнэмшлээ худалдаж болохгүй гэж хэлсэн. Би бусдын өмнө нүүр бардам ажиллаж, суралцахын тулд боловсрох хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон.
Бидний ярилцаж байсан газар уянгын дуу явахад түүний нүдэнд нь нулимс цийлэгнэв. Хүү цааш ярихдаа…
Уянгын дуу явахаар уйлах гээд байдаг юм. Ганцаараа байхдаа уянгын дуу сонсоод уйлдаг. Хэсэгтээ дотор онгойдог. Хөдөө зүдэрч явснаа, гишүү үүрч явж байснаа, ойд төөрснөө, маш их өлсдөг байснаа, нохойд уруулаад уйлж байснаа, хар үүрээр малын баас арилгаж байснаа санадаг. Энэ бүхэн хэнд ч тохиолдож болох ч миний хувьд ээжээ гээд уйлаад очих хүнгүй, хуваалцаж ойлгож дэмжиж, хайрлаж урамшуулах хүнгүй хээр ганцаараа л уйлаад суудаг байсан. Өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор зарим хүмүүс дээрэлхэж их зодно.
Айлд байж айлын хоол их идээд яахав гэж боддог байсан. Бүх хүүхдүүд унтаж байхад би өглөө бүр 4 цагт босч малд явдаг байсан. Намайг хэн ч сонсдоггүй, юуны тухай бодож, юу мөрөөддөгийг хэн ч сонирхоогүй. Жаахан байхад би хатгаатай байхдаа бас халуун аарцанд унаад аарцаг нуруу маань гүн түлэгдсэн. \нуруугаа харуулав\ Эмнэлэгт 20 хоног орчим ухаангүй байсан гэсэн. Эмнэлэгт хүргэж өгсөн хүн үхчих байх гэж айсан гэсэн. Намайг өвдсөн үед ч ээж тоогоогүй гэсэн. Их гомддог. Тэгэхдээ би Ичинхорлоо гэдэг хүнийг саяхан хотод яаралтай хагалгаанд орох гээд ирэхэд нь надаас өөр хүн байхгүй шүү дээ гэж бодоод Хархориний хашааных нь Түвшээ эгчээс туслаач гэж гуйсан. Тэр эгч хотод ирээд сая таван зуу орчим мянган төгрөг эмчилгээний зардалд шууд өгсөн. Түвшээ эгчийг яаралтай үед тусалсанд нь дотроо баярладаг. Би 3-р эмнэлэгт сахиж хажууд нь байдаг байсан. Одоо сайхан сэтгэлтэй хүмүүсийн итгэлийг дааж, даруу байж, сурахдаа л анхаарна гэсэн бодол байна.
Сургуульдаа сураад хажуугаар нь шорлогоо хийж амжих уу?
Олон хүмүүс намайг шорлогоо хийгээч, дэмжиж худалдаж авъя гээд байгаа. Гансүх эгчийн шорлогийг олон жил хийж, зарж байсан туршилгатай юм чинь өөрийн гэсэн шорлогны тэрэгтэй болоод намар болтол өөрөө шорлог хийж үзье гэж бодож байгаа. Утсаа зараад ус зөөдөг тэргэн дээр төмөр гагнаад шорлогний тэрэг хийх санаа байгаа.
Өөрийн гэсэн шорлогны бизнестэй болохоороо хэн нэгэн алдартай хүнийг дайлаач гэвэл хэнийг дайлах вэ?
Би амьдрал ойлгодог, өөрийгөө хэзээ ч дээгүүрт тавьдаггүй жүжигчин Бооёо ахыг дайлна. Дууг нь үргэлж аялж явдаг болохоор Намсрайноров ахыг ч бас дайлмаар байна. Дахиад нэг хүн хэлчих үү? /Инээв/ Намайг сургуульдаа урьсан Төмөрхуяг багшид ч бас шорлогоо амсуулмаар байна. Дайлах гэснээс би өөр шигээ ядуу хүмүүс болон хог түүдэг хүмүүст шорлог өгч байгаад өрөнд орж байсан. /Инээв/
Ярилцлага өгсөнд баярлалаа. Эцэст нь хандаж уншигчдад юу хэлэх вэ?
Төрүүлсэн үрээ хүртэл хаядаг энэ орчлонд өөрөө өөртөө л итгэх юм шүү гэж боддог доо. Би зовлон их үзсэн ч хүн чанартай байж өнөөг хүртэл өөдрөг, эерэг байсан минь намайг сайн хүмүүстэй учруулсан гэж боддог. Өнөөдрийг хүртэл надад тусалсан хүмүүсийн утсыг цээжээр мэддэг. Надад урилга өгсөн сургууль байранд оруулж өгсөн. Бас эрүүл мэндэд маань санаа тавьж байгаа. Жүжигчин болох чин хүсэл маань надад олон боломжыг нээж өглөө. Би энэ боломжыг алдахыг хүсэхгүй байна. Надад урам хайрлаарай л гэж хэлье дээ.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе. Сайн суралцаарай.
Ярилцлагыг хийсэн: М.Жасмин